Оточ одь

EN MN

“Өвчний тухайд” дээд эрүүл мэндийн онол

Нийтэлсэн: 2012/07/27
Хүний бие махбодь ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй нь орчлонт ертөнцийн үүсэх эх чанар, огторгуй, газар дэлхийгээс бүтэж бүрэлдэж, түүнд багтаж түүний харъяалалд оршдог шигээ тэр гурван их хүчийг дотроо агуулж үргэлжийн харилцаанд байдаг. Дээрх гурван оршихуй дотроо хэд хичнээн зэрэг дэвтэй ч бай ялгаагүй тэр л гурав байх болно. Орчлонт ертөнцийн үүсэл эх чанар л гэхэд: хэт чанар, хоосон чанар, мах бодилог чанар, завсрын чанар гэх мэт. Огторгуй: Глактик сансар, нарны ертөнц, тэнгэр гэх мэт. Газар дээрхи нь: Төрсөн хонд хурга тугалын, хонь бодын бэлчээр нутаг ус, эх орон, тив гэх мэт.

Ийм гурван оршихуй хүчин нь хүний үүсч бүрэлдэхүй, төрж оршихуйг бүрэлдүүлэгч юм. Бас оршихуй орон зай, хөгжиж дэвжих боломж нь болдог төдийгүй, дотоод оршихуй нь болж шууд харилцдаг юм. Гурав гэж томъёолж байгаа оршихуйг тунгааж үзвэл оршихуй орон хоёр юм шүү дээ.

Энэ бол монголын гүн ухааны арга билэгийн тусагдахуун гэдэг нь уншигч танд ойлгомжтой байгаа. “Философийн бүх шинж нь анагаах ухаанд ач холбогдлоо хадгалсаар байх тул философийг анагаах ухаанд, анагаах ухааныг нь философид нэвтрүүлэх ёстой” гэсэн Гиппократын үзлийг эргэн харж ухаалгаар хэрэглэх цаг нь болжээ. Хүн төрөлхтөн гүн ухаанаа мартсан нь, зам мөрөө алдаж төөрөгдөлд орсоноос өөр үр дүн гараагүй юм.

Анагаах ухаан ч ялгаагүй. Гүн ухаангүй шинжлэх ухаан сохор шинжлэх ухаангүй гүн ухаан суурьгүй гэдэг. Бид мэлмийгүй анагаах ухаанаар зуугаад жил тэмтэчлээ. Ууранд ус нүдэх шиг үр дүнгүй их цаг алджээ. Товчоор хэлбэл уламжлалаасаа салсны гай. Монголын уламжлалт тэжээхүй ухаан нь гүн ухаантай бие сэтгэл шиг ялгаж салгахын аргагүй шүтэн барилдсан байдаг. Суурь онол нь арга-билэгийн ухаан. Түүнийгээ баяжуулж гурав таван махбодийн харилцаа хуулинд түшиглэн оношлох, эмчлэх арга барилаа боловсруулсан байдаг.

Өнөөдөр эрхтэн сольж суулгалаа. Амжилттай боллоо. Монголын анагаах ухаан өндөр хөгжлөө. Дэлхийн түвшинд хүрлээ гэх мэт ёригох нь анагаах ухаантай төсгүй мэт сонсогддог.

Жинхэнэ анагаах ухааны хөгжил нь: Өвчин үүсэх учир шалтгааныг бүрэн гүйцэд таньж, хүн бүр өвчингүй эрүүл саруул, урт удаан хөдөлмөрлөж амьдрах нөхцлийг төгс бүрдүүлэх юм. Гуч дөчин насандаа аль нэг эрхтнээ солиулах нь тухайн улс орны анагаах ухааны хөгжлийн доройг батлах баримт мөн. Аль нэг эрхтнийг сольж суулгах нь мэс заслын арга-зүйн хөгжил, тухайн нэг хэдхэн мэргэжилтний хөгжил дэвшил болохоос анагаах ухааны хөгжил биш. Тэд анагаах ухааны хоцрогдлын сул талыг нөхөж, түр зуур цайруулж байгаа юм.

Хүний хөгжлийн асуудлаар өөр өөр үзэл баримтлал байдаг ч олонх нь оюуны дээшлэлт өсөлт гэдэгтэй санал нэгддэг. Оюун санааны гэдэг ойлголтыг арай өргөн утгаар орлуулбал ухамсарын гэж болмоор санагддаг. Орчлон ертөнцийн ухамсар хөгжиж хүн хүрсэн, хүнээс дээших бидэнд мэдэгдэж буй үе шат нь бүгд долоо юм. Хүн ухамсрын хөгжлийн дөрөвдэх шатан дээр бараг л байгалийн зөнгөөрөө гарч ирсэн. Өөр нэг бүлэгт энэ тухай илүү тодорхой өгүүлнэ.

Бид өөрсдийн хөшмөл оюун ухааныг хөдөлгөөнд оруулахын тулд, өвчний тухай ойлголтын хувирал хувьсал өсөлт бууралтыг харьцуулж үзье. Тэгвэл оюуны хөшил уясч өнөөдрийн зогсонг ойлголт, мухардмал үйл ажиллагаа өөрчилье.

Үнэн гэдэг явц юм байна шүү би замын хугаст зогсоод хоцорчээ гэж ухаарах болно. Эртний Энэтхэгийн эмч нар таван махбодийн харилцаа алдагдсанаас өвчин үүснэ гэж үзжээ.Гэтэл Ведантын эмч нар өвчин гэдэг нь бие сэтгэлийн тэнцвэрийн алдагдал гэсэн байдаг. Грек Ромын эмч нар гүн ухаантнууд дотоод шингэн “Гүмрал”-ний хаямралаас өвчин үүснэ гэсэн.

Анагаах ухааны хөгжлийн үе шат бүхэн ололт нээлт бүхэн өвчний тухай ойлголт тодорхойлолтыг та уншиж сонсож шүүж тунгаасан. Энэ бүх тодорхойлолтонд гурван дутагдал байх шиг бодогддог. Нэг дэх нь биеийн бүрэлдэхүүн хэсгийн аль нэгийг хэт товойлгоод бусдыг орхигдуулсан. Хоёр дах нь бүх өвчний суурь шалтгаан болох тийм түгээмэл чанарыг агуулж чадаагүй. Нэг хэсэг өвчний шалтгаан төдий л байдаг. Гурав дахь нь гадаад гурван эх хүчний харилцаа барилдлагаас салангад тус тус болсонд байгаа юм.

Өвчин гэж юу вэ гэдгийг зөв тодохойлохын тулд бид эхлээд өвчин хэдэн янз байдагт хариу эрье. Юуны өмнө өвчнийг хамт төрсөн төрөөд олсон гэж хоёр том хэсэгт хуваадаг. Төрөөд олсон өвчин нь халдвартай халдваргүй хоёр янз юм. “Монголын тэжээхүй ухааны судар бичгүүдэд бүх өвчин “ганцхан ”шалтгаантай тэр нь мунхаг” гэжээ. Бодъё.

Хоолоо хэтрүүлж дутааж өвдвөл мунхаг. Гараа угаахгүй эрүүл аж төрөх ёсны дэг журмыг зөрчөөд өвдвөл мунхаг. Бэлэгсийн замын өвчнийг эрж олоод өвдвөл мунхаг хамт төрсөн өвчин ч урьд төрөл, эцэг эх өвөг дээдсийн мунхаг үйл мунхаг хүсэл шуналын гай. Мунхагийн шалтгаан бидний ахуй амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг дагалдаж байна гэх үндэс байгаа биз.

Мөнч үйл үрийн оронд өвчлүүлэх “үр” агуулагддаг байна. “Мунхаг” гэсэн томъёолол нь орчин үеийн ойлголтоор бол мэдээлэл юм. Мунхаг мэдээлэл гэхэд яг онодоггүй юмаа гэхэд их ойртох бизээ. Энэ санааг илэрхий болгохын тулд мэдээлэл? Гэж юу болох, хэдэн төрөл, хэрхэн төрж түгэж хурж хуримталдаг. Хэдийн хугацаагаар хадгалагддаг тухай санал солилцъё. Мэдээллийг товчоор тодорхойлбол:  мэдээлэл гэдэг нь “харилцаа ” юм. Харилцаа болохын тулд хувьд: Гадад харилцаа, дотоод харилцаа үндсэн хоёр хэсэг болно. Гадаад харилцаа нь гар зуурын, дэргэдийн буюу “газар дэлхий ” ойрын “сар ”-ны холын “нар”-ны алсын “одны гэсэн таван зэргэмж байгаа юм. Дотоод харилцаанд ухааны оюун ухааны, ухамсрын гурван зэргэмж нь хүтэхүй мэдрэхүйгээр, үүсч хуран арвижиа хорж арилдаг. Хоёр дахь хэлбэр нь сэтгэл сэтгэхүйн хэлбэр юм. Хүсэл тэмүүлэл, хар хор, уур хилэн, өш хонзон, шунал тачаалал гэх мэт олон янзын мэдээлэл үүсч арилж өөртөө хийгээд гадагш цацагдан хурж арвидна.

Ерөөс мэдээллийн уг чанар нь тухайн хэлбэрт хувирсан энерги юм. Үг бол дуу авианд шилжсэн энерги мөн. Сайн муу бодол санаа, хөөрөл, гутрал, уур хилэн, баяр хөөр зэрэг нь сэтгэлийн эрчмээр нөхцөлдсөн өнгө, гэрэл, урсгал юм.

Мэдээлэл бол тухайн хэлбэрт хувирсан энерги учраас арилж үгүй болохгүй. Үйл үр гэгч нь дээдсийн эерэг сөрөг мэдээлэл хадгалагдсан орон гэдэг нь тодорхой болж байна. Орчин үеийн шинжлэх ухаануудын ололт нээлтийн дээд түвшнээс өвчин гэж юу вэ? гэдэгт хариулахыг хичээе.

“Өвчин гэдэг нь: гаж мэдээллийн бодижсон хэлбэр мөн ” гэсэн тодорхойлолт хаврын ногоо шиг өөрөө аяндаа урган гарч байна. Орон зай дахь мэдээлэл хадгалагдах хугацааг тодорхойлж чадаагүй болохоор мөнх гэж үзье.

Мэдээлэл нь дүрст, завсрын, хоосон гурван оронд хадгалагдаж, идэвхжин бодижигч “код” томъёолол юм. Мэдээлэл хадгалагдах хугацааны талаар шинжлэх ухаан эрэл хайгуул олз омогтой байна. Эр бэлгийн эсийн хүзүүвчний ДНК-ийн байгууламж 9 ороомогтой. Хүний биендэх эс гурван судлын дагуух хийн хүрдэн мөн ес байдаг. Бичил түвшний байгууламж нь хэт нарийн эрчимт хийн түвшиндээ загварчлагдан дагаж байна. Глактик, нарны ертөнцийн тогтолцоо нь атомын зэргэмжиндээ давтагдсан байдгийг бид бэлэхнээ мэднэ.

Бас нэг зүйл гэвэл ДНК-ийн уургийн биосоронзон оронд урьдах төрлүүдийн 1500 жилийн мэдээлэл агуулагдсан байна гэж үздэг.

Энэ хугацаа нь монголын ясан удмын харьшилтын хугацаатай ижил байна. Энэ бүхнийг сонин л юм байна гэх ч юм уу ? эсвэл үл тоож өнгөрвөл танд ямар ч тус нэмэр болохгүй. Уншсан цагийн гарз болно.

Харин энэ бүхэн дээр сүнсний мэдээллийн ариун сан бий гэдэг дорнын гүн ухааны онолтой харьцуулан ухаж, эргэцүүлэн тунгаавал, өвчний тухай миний тодорхойлолттой санал нийлэх, эс нийлсэн илүү мэргэн зөв утгыг олох эрэлд гарна. Өвчин гэдэг нь гаж мэдээллийн бодижсон илрэл шүү дээ.