Оточ одь

EN MN

Тэжээхүй ухаан

Нийтэлсэн: 2012/07/17
Их таван ухааны дараалалч гарын таван хуруу шиг өөр өөрийн байртай санагдана. Учир шалтгааны буюу гүн ухаан нь анхдагч тэргүүлэх зэрэгтэй боловч тэр нь дотоод ухаанлуугаа барилдсан шигээ түүнээс урган төлжсөн мэт. Энэ хоёулаа тэжээхүй ухаанд түшиглэн боловсордог. Эргэн нөлөөлж салж, сарнишгүй уялдаатайг дарааллаас нь ажаарай. Дуун ухаан урлахуй ухаан нь мөн л Тэжээхүй ухаанд түшиглэсэн мэт ч өөр өөр бие даасан орчлон ертөнцийг бүтээлцсэн аугаа чанарыг агуулжээ. Би энэ тухай бус харин Монгол хийгээд дорнын их таван ухаанд багтсан төдийгүй тэдгээрийг салангад бутархай хоосон цэцэрхэл бус амьд шүтэлцээн барилдлагатай цэгц нэмгдмэл болгож байдаг. “Тэжээхүй” ухааны талаархи санал бодлоо та бүхнээр шүүлгэхээр илэрхийлж байна.

Тэжээхүй ухаан гэж юу вэ? Одоогийн ярьж бичиж байгаа уламжлалт анагаах ухаантай адил нэг ойлголт уу ? гэсэн асуулт гарч байна. Юуны өмнө өрнийн Анагаах ухаан, монголын тэжээхүй ухаан хоёрын хооронд ялгаа их бий. “Анагаах ухаан” гэдэг нэгэнт өвчилсөн хойно нь анагаан эдгээх гэсэн ойлголт ил байна. Тэжээхүй ухаанд “Нэгэнт өвчилсөн хойно нь” гэсэн утга санаа нь далд дам, үүнээс наана. Эрүүл саруул аж төрхүйд хэрэгтэй бүхнээр тэжээн тэтгэх ухаан гэдэг нь харагдана. Юу юугаар тэжээн тэтгэх вэ?

  • Агаараар
  • Усаар
  • Хоол хүнсээр
  • Нарны элч, өнгө, туяагаар
  • Сарны гэрэл татал түлхлээр
  • Оддын гравитац таталцлаар
  • Ухаан, оюун ухамсраар
  • Сэтгэл сэтгэхүй, сэрэмсэрээр
  • Нарийн хийн эргэлтээр
  • Бурхан бурханлаг дээд хүчнээр дуу авиа элчис эрчисээр

Наад зах нь ийм арван хүчнээр тэжээн тэтгэж эрүүл саруул аж төрөхүй ухаан юм. Үүнийг хураангуйлбал: нэл оршихуйн гурван хүчний барилдлагаар тэжээхүй болой. Энэ гурван хүчин нэгд : нутаг ус, газар дэлхий, Хоёрт: тэнгэр , нар сар, од гариг

Гурав бурханлаг дээд хүчний дуу авиа элчис эрчис, долгис гурав болой. Зөвхөн хүний бус аливаа амьд оршнол тэрч байтугай амьгүй оршихуйн төрхүй, үүсэхүй, оршихуйн тухай машид гүн агуулгатай ухаан болох нь ойлгомжтой байгаа бизээ. Тиймдээ ч их таван ухааныг холбогч цөм нь болж багтсан юм. Мэдээжээр өвчилбөл анагаах, тэжээхүй ухааын уламжлалт арга барил, онол номлол бий. Тэр нь бидний одоогийн хэрэглэж буй эм тан өгөх төдий явцуу бус юм. Өнөөх оршихуйн гурван хүчний арван язгуурыг бүгдийг эс гэлээ ч туйлын шаардлагатай нэг хэсэг бүлгийг цогцоор нь хэрэглэх ёстой. Тэгж гэмээжин уламжлал тэжээхүй ухааны анагаахуй арга болж чадна. Хэдэн эм тан боож өгснөөс сэтгэл ханах нь их таван ухааны нэг тэжээхүй ухааныг огт ойлгоогүйн шинж юм. Орчин үеийн эмч нарын нэг хэсэг нь орон орны үйлдвэрийн янз бүрийн эм бичиж, нөгөө хэсэг нь хэдэн тан эм боож өгчихөөд би шинжлэх ухааны эмч, би уламжлалт анагаах ухааны эмч гэж бие биенийхээ харыг гайхан ярих нь инээдтэйгээсээ илүү эмгэнэлтэй харагддаг. Тэжээхүй ухааны анагаах арга зүйн дутуу дулимаг гаж ойлголт богино настай байх болтугай гэж залбиръя. 

Эх сурвалж: "Дээд эрүүл мэнд" номоос