Оточ одь

EN MN

Цэрэндорж багш: Өвгөдийн оюун ухааныг бид өөрсдөө эзэмшээд зогсох биш хүмүүст түгээх хэрэгтэй

Нийтэлсэн: 2011/10/23

Оточ П.Баатар: Цэрэндорж багшийнхаа тухай ийн өгүүлэв:

 

Миний багш Х.Цэрэндорж Өмнөговь аймгийн Баяндалай сумын хүн. Анагаахын дунд сургуулийг 1969 онд дүүргээд Баяндалай сумандаа хүний бага эмчээр ажиллаж байгаад цаашид их эмчийн ангид орж улмаар одоогийн анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Дараа нь Дорноговь аймгийн анагаахын дунд сургуулийн багшаар ажиллаж байсан. Х.Цэрэндорж багш маань 1990-ээд оны үед Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байхдаа Одь багш дээр хааяа ирж юм хуучилдаг байсан. Одь багш маань Х.Цэрэндорж багшийг, “Энэ хүн олон хүнд юм түгээх тийм их билэг авьяастай хүн юмаа гээд их үнэлдэг байсан. Удалгүй манай Ойдов багшид шавь орсон. Х.Цэрэндорж багш маань тэрнээс өмнө Жанцан багш гэдэг хүнд жаран хэдэн онд шавь болж байсны улбаа үндсэн дээр уламжлалт монгол анагаах ухааныг маш их чанарлаг, тэр дундаас судасны шинжилгээ, гүн ухааныг мөн тэжээхуй арга билгийн гүн ухааныг сонирхож байсан юм билээ.

Тэгээд Одь багш дээр ирж шавьд орсон юм.  Би тэр үед анагаахыг төгсөөгүй байсан юм. Тэгээд Одь багш маань хамгийн гол нь намайг эзэнтэй болгоё гээд “Цэрэндоржоо чи нэг уламжлалт монгол эмнэлэг нээгээч” гэж тэр үед хэлдэг байлаа. Сүүлд бодохдоо Баатар надаас хойш ганцаардана гээд намайг Цэрэндорж багшид өгье гэсэн бодолтой байсан юм билээ. Тэгээд багшийгаа таалал болсны дараа би Х.Цэрэндорж багшдаа би шавь орсон юм. Миний шавь Цагааны Алагаа гэж надад шавь ороод  үндсэндээ бид гурав, гурван биендээ шавь орж багшийгаа нөхье гэж зүтгэсэн юм.

Одь багшийг таалал болсны дараагаар түүний шавь Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумын Өлзийтийн хурал дээр байдаг зоч лам Дугаржавын Самбалхүндэв гэдэг хүнд Цэрэндорж багш очиж шавь ороод, “Бурханд яаж хүрэх вэ бурханд хүрэх арга зам” гэдэг тэр бясалгалын эрхийг Х.Цэрэндорж багшид Самбалхүндэв багш, Одь багш нар маань өгсөн юм. Тэгээд цаашаа Цэрэндорж багш маань тэр хүчтэй бясалгал гэгээрэл рүү ороод хэдхэн хоногийн дараа судасны 108 боть ном 108 шинжилгээ 108 судасны тухай номоо бичсэн. Тэгээд анагаах ухааны талын ном яруу найраг гүн ухааны сэдэвтэй “Найман маналын гэгээ” гэж сайхан ном бичлээ. “Тулгын гурван чулуу” гэж кино бичлээ.

Бас “Мөнхөд бадамлах зул” багшийнхаа тухай кино бичлээ. “Маш гайхамшигт сангийн хураангуй” гэж шинэ онол арга зүйн боловсруулсан орчин цагийн анагаах ухааныг арга билэгтэй холбож энгийн ахуйд хэрэгжүүлж болохоор онол арга зүйн номоо бичсэн. Тэгээд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал авлаа. Ингээд багшийн тэр авьяас билэг, бясалгал гүн ухаан маш онцгой их дэлгэрч гарч ирсэн. Ер нь хувь хүний хувьд маш сайхан биеэ их гоё авч явна. Уур уцаар байхгүй. Номын сэтгэлгээний хувьд үнэхээр гайхамшигтай сэтгэлгээтэй. Хүнийг дандаа дээш нь өргөж явдаг. Жишээ нь яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Лувсанчүлтэмийн Эрдэнэбат гэсэн яруу найрагч шавь нар нь Монголын зохиолчдынхоо  нэлээн дээгүүрт яваа.

Х.Цэрэндорж багш маань өөрөө их даруу хүн. Өө, би яахав яахав, та нар маань сайн явж байвал болоо гэсэн сэтгэлээр шавь нараа өргөж өгдөг сайхан чанартай хүн. Багш маань сая л гэхэд бөөрний хүнд өвчтэй байлаа. Түүнийгээ өөрөө аргаллаа. Бас уушигны хүнд өвчтэй байсан. Өөрөө түүнийгээ хөдөлгөөн бясалгалаар эдгээсэн.

Х.Цэрэндорж багш маань тэр талын юмыг нэлээн сайн судалсан их номч хүн. Манай багшид бараг 10000 ном гэрт нь байдаг байх. Өөр эд хөрөнгө гэх юм байхгүй. Ер нь номоороо л гэрээ хийж явдаг хүн. Тийм улс чинь хамаг юмаа номонд зориулдаг юм байна. Хамгийн гоё нь багш маань их бодь хүн дээ.  Одь багшийн ярьж, захиж байсан үг сургааль номыг Цэрэндорж багш маань, ”Өвгөдийн оюун ухааныг бид өөрсдөө эзэмшээд зогсох биш хүмүүст түгээх хэрэгтэй. Ингэсний хэрээр эмийн увьдас номыг хүн төрөлхтний оюуны санд хувь нэмрээ оруулах нь зүйтэй” гэж үзсэний үндсэн дээр бид нар хавдар өвчнийг монгол эмнэлгээр эдгээж байгаа талаар онол практикийн бага  хугал дээр гаргаж тавьсан. Би болохоор үүнийг гаргаж тавихгүй, “Хэл амнаас айж байна сонин номноос айж байна, больё багшаа” гэсэн.

Тэгэхэд Цэрэндорж багш маань “Бид өвгөдийн оюун ухааныг заахгүй юм бол өөр хэн заах юм, хэн хийх юм. Одоохон миний үгээр энэ илтгэлийг тавь” гэсэн. Сүүлд нь бодож байсан чинь, хэрэв багш тэгж хэлээгүй бол бид нар гаргахгүй нуугаад багш нарынхаа алдар гавьяаг, Монголын агуу их эрдэмтдийнхээ алдар нэрийг нь ил гаргахгүй бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан. Жишээ нь Занын УлаанБалдан, Говийн догшин ноён хутагт, тэгээд Заваадамдин багш, дорнын их яруу найрагч эрдэмтэд болоод Лүмрэг Дандар нарынхаа гавьяат үйлсийг байнга магтан дуудаж байхын төлөө, тэдний төлөө юм санаачилж хурал зөвлөгөөн дээр байнга ярьж байдаг тийм л гайхамшигтай хүн дээ, миний багш.