Оточ одь

EN MN

Уламжлалт аргаар хорт хавдарыг анагааж болно

Нийтэлсэн: 2011/10/14

Нутаг бүхэн онцлогтой. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас Монголын нэртэй маарамбууд төрж гарсан байдаг. Шинэ үед л гэхэд 46 эмч төрж гарсан нутаг. Энэ алдарт маарамбуудын хойч үе эмч- маарамба Пунцагийн Баатартай ярилцлаа. Тэрбээр одоо нийслэлд "Оточ Одь" эмнэлгийг ажиллуулж байна.

- Таныг Дэлгэрэхийн маарамбуудын ес дэх үеийн шавь гэдэг. Багш нараасаа дурсвал сонин болов уу?
- Бүр дээр үеийн маарамбуудын талаар бол нутгийн ард түмэн үлгэр домог шиг юм ярьдаг. Миний багш "Одь" буюу Дамдиндоржийн Дорж маарамба хэдэн жилийн өмнө 87 сүүдэр элээгээд таалал төгссөн. Дорж багшид албан ёсоор шавь орсон найм дахь хүн нь Цэрэндорж гэж эмч одоо Дорноговьд бий. Би ес дэх үеийнх нь хүн.

- Дорж маарамбын багш нь Өндөрийн Дамчаа гэж олонд алдаршсан маарамба хүн байсан юм билээ. Түүх сударт байдаг гэсэн.
- Дамчаа маарамба, Богдын долоон цоржийн нэг хүндээр өвчилж таалал төгсөх гэж байхад уригдаж очоод эдгээсэн тул Богд "Дархан эмч" цол хүртээж байсан юм билээ. Энэ алдарт маарамбад 20 хүн шавь ороход миний багш "Одь" таван настай шавь орж байсан гэдэг. Энэ хорин хүүхдээс Дорж л юм дуулгаж магадгүй дээ. Тэгэхдээ билэг авьяас чинь 60 жил нууц явах юм байна гэсэн гэдэг. Хуучин тогтолцооны үед үнэхээр л 60 жил эрдэм ухаан нь дарагдаж явсан юм билээ. Тэгээд 1990 оны ардчилсан хувьсгал ялахад багш маань "За яамай даа. Багшийн минь ярьдаг байсан сайхан цаг ирлээ" гээд нууц авьяас билгээ ил гаргасан юм.

- "Одь" гэдэг ямар учиртай нэр вэ?
- Одь гэж, хүүхэд нь авгайлж өгсөн нэр юм билээ. Тэгээд нэршчихсэн. Өөрөө ч энэ нэрэндээ их дуртай. Манай нутгийнхан бол Дорж гэхээсээ Одь л гэнэ.

- Яаж яваад Одь маарамбын шавь болсон бэ?
- Цэрэгт ирээд "Алдар" нийгэмлэгт хүндийн өргөлтөөр хичээллэдэг байлаа. 200 кг өргөөд нөгөөх ацтай суурин дээрээ аваачиж тавилаа гэсэн чинь нэг талыг нь дутуу тавиад суурь, штанг хоёрын завсарт дарагдчихсан. Суурины төмөр толгой руу хатгаад ухаан алдчихаж. Госпитальд ухаан орсон. Толгой нэлдээ боодолтой байлаа. Олон сар эмчлүүлж эдгэсэн боловч толгой их өвддөг, нойргүй болсон. Нойрны эм ууж л хагас дутуу унтана. Сүүлдээ хэд хэдээр нь давхарлаж уугаад ч унтахаа больсон. Нойргүй хичнээнхэн явах вэ дээ, хар залуугаараа үхэж дээ гэж бодож байтал нэг өдөр манай хамаатан ах "шар" Совд гуай хүрээд ирлээ. "Чи ингэж үйлээ үзэж байх гэж. Дэргэд чинь "үхсэн хүн босгодог" алдартай маарамба байхад гэж загнаад намайг аваад явлаа. Аймгийн төвөөс Дэлгэрэх сум руу явж байгаа нь тэр. 1986 он шүү дээ.
Хуучин тогтолцооны үед маш их нууцалдаг байсан болохоор Совд ах маань намайг дагуулж үүрээр тэднийд очсон. Маарамба гуай өндийж суугаад, миний гарын судсанд хүрэх шиг л болсон. Тэгээд шөлөөр даруулж уу гэж гурван тун эм өгсөн. Эргэж ирж, явдал чирэгдэл битгий удаарай гэсэн. Би дотроо сэтгэл нэлээн гонсгор "Энэ ч юу л бол доо" гэж бодож явлаа. Өнөө эмийг нь эхний орой шөлөөр даруулж уугаад сайхан унтчихсан. Гурван орой уугаад, ямар ч зовиургүй унтдаг, толгойн өвчингүй болсон. Тэгээд л би Дорж багшийг биширсэн дээ.

- Шавь оръё гэв үү?
- Нэлээд хугацааны дараа Совд ахтайгаа тэднийд очиж баярласнаа илэрхийлээд шавь оръё гэсэн чинь загнаж байна. "Юун шавь мавь, хэнд ч дуулгаж болохгүй шүү" гэж байна. Гэлээ ч нууц холбоотой болсон. Нууцаар хар бор ажилд нь зүтгэж байсан даа. Тийм өвс түү гэхээр нь түүж өгнө, нүднэ. Нууц холбоо барьдаг хүмүүстэй нь уулзаж учирч, хэл дамжуулна. Иймэрхүү байдлаар Одь багшийн ойрын хүн болсон. Надад ч итгэж, юм сурвал сурахаар хүү байна гэж бодсон байх. Би УБДС-ийн биеийн тамирын анги төгсч, аймагт биеийн тамирын багш хийж байснаа орхиод шууд багш дээрээ очсон. Хадаг, бэлэг барьчихсан яваа. Танд л шавь оръё. Та намайг гарынхаа шавь болгож аль гэж гуйсан. Энэ үе бол өөрчлөн байгуулалтын дуулиан тарчихсан, сүсэг бишрэл, эм домыг нэг их хориглоод байхаа больсон үе байлаа. Би тэдний хүн шиг дэргэд нь байна. Надад судас барьж оношлохыг эхлээд заасан. Тэгээд өвчтэй хүн ирэхээр би эхлээд судсыг нь барина. Дараа нь миний тавьсан оношийг багш маань шалгана. Эхлээд ч зөрж мунгинасаан. Сүүлдээ багшийн оноштой таараад байх болсон. Мянган хүний судас бариулаад, надад бие дааж онош тогтоох эрх олгож байгаа юм.

- Оношийг нь тогтоосон хүндээ эм өгнө биз дээ?
- Тийм оноштой хүнд ийм эм өгнө гэдгийг олон жил заалгасан. "Буруу эм өгч хүн алав аа!" гэж дахин дахин шалгана. Эмийн найрлаганы бүх зүйлийг би түүж, нүдэж, амьтны элдэв эрхтэн, чулуу шороо хүртэл цуглуулдаг байсан болохоор би эрхбиш мэднэ. Эмийн найрлагаас нэг л зүйл дутвал болохоо байчихна. Иймээс багш минь намайг энд тэндхийн том лам, эрдэмтэн мэргэд рүү их явуулна. Сүүлийн үед намайг Өвөр Монголын Хайрав гэж лам руу явуулдаг байлаа. Тэр хүн онцгой эрдэмтэй, эмийн асар их зүйл хураасан хүн байв. Даанч хатуу хорионд, эм барих, эмчлэх эрхгүй хүн байлаа. Хамгийн сүүлд очиход Хайрав гуай "Эрдмээ гаргаж чадалгүй 90 насыг өнгөрлөө. Доржид хэлээрэй. Хойд насыг минь ар Монголд төрүүлэх арга байна уу" гэж захиад бодь гөрөөсний эвэр явуулж билээ. Бодь гөрөөсний эвэрт уушигны хорт хавдрыг анагаах чадалтай бодис байдаг юм.
Манай Одь багш жаран хэдтэйдээ улаан хоолойн хорт хавдраар өвчилж, хоол орохгүй болсныг өөрөө эмчилж эдгэрүүлсэн. Сүүлд наян хэдтэйдээ уушигны хорт хавдраар өвчилснөө тэр бодь гөрөөсний эврээр эмчилж эдгээсэн хүн. 1998 онд багш маань 80 хол гараад огт өөр өвчнөөр таалал төгссөн. Сүүлдээ насны доройтол болж ядарсан л даа. Одооных шиг бэлэн унаа байсан биш. Би л багшийгаа үүрч явдаг байлаа. Одоо багшийн гарын шавь Цэрэндорж эмч, миний шавь Алгаа бид гурав байна. Бид гурвын ухаан нийлээд ч багшийн энд хүрэхгүй л дээ. Гайхамшигтай чадалтай хүн байлаа.

- Та одоо багшийнхаа эмчилдэг бүх өвчнийг эмчлэх үү?
- Багшийн эрдэмд хүрэхгүй ч гэсэн ер нь эмчилнэ шүү. Надад бас зарим давуу тал байгаа юм. Би Дорноговь аймгийн анагаахын коллеж төгссөн. Биеийн тамирын дээд төгссөн. Багшийнхаа заасныг орчин үеийн анагаах ухааны ололт амжилттай харьцуулж үзэх боломжтой болоод байгаа юм. Багш маань судсаар л бүх зүйлийг шийдэж байлаа. Би өнөөдөр орчин үеийн анагаах ухааны шинжилгээнүүдийн хариуг судасны оношлогоотой харьцуулж, тааруулж үзэх боломжтой болж байгаа юм. Манай эмнэлэгт ирж байгаа хүн болгонд өвчний түүх байна, шинжилгээний хариу байна. Би судас бариад тэр бүхэнтэй тааруулж хөдөлгөөнгүй онош тогтоодог. Энэ бол уламжлалт анагаах ухааны өнөөдрийн давуу тал нь юм даа.

- "Оточ Одь" эмнэлэг яаж байгуулагдав?
- "Оточ Одь" эмнэлэг олон жилийн өмнө байгуулагдах байсан юм. Хувийн эмнэлгийг заавал эмч хүн байгуулна гээд зөвшөөрөл өгөөгүй. Энэ хооронд би анагаахын коллеж төгсөж, эмчийн диплом авч байж эрх нээгдэж байгаа юм. Миний нөхдүүд Цэрэндорж эмч "Хас", Александр маань "Оточ манал", би "Одь" гэж нэрлэе гэж санал гаргаад энэ нэрүүдээ шагайгаар мэргэлсэн. Миний "Одь" нэрэн дээр дөрвөн бэрх бууж бэлгэшээн нэрлэсэн юм даа.

- Танай эмнэлэгт үзүүлэх гэсэн хүн их байдаг уу?
- Хөлд дарагдаж байна. Өдөрт 15 дугаар тараадаг. Өвчтөнийг маш нарийн үзэх хэрэгтэй болдог. Эм тангаа шууд тэр доор нь олгоно. Би чинь бас завсар чөлөөнд нь амрахгүй бол ядарна.

- Үзсэн хүний дүн багцаа байдаг уу?
- Миний нэг онцлог бол нарийн тооцоо судалгаа хөтөлдөг хүн. Багшаасаа эрх олж аваад үзэж, эмчилсэн хүний тоо 250 мянга орчим, давхардсан тоогоор долоон зуун мянгад хүрчихээд байна. Хөдөө гадааны урилгаар 200 мянган км зам туулж үзлэг эмчилгээ хийсэн байх юм.

- Таныг төрөл бүрийн хорт хавдрыг амжилттай эмчилж байгаа гэдэг. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
- Саяхан "Монголын уламжлалт анагаах ухааны шинэчлэлт өөрчлөлт" сэдвээр онол практикийн том хурал болсон. Би тэр хуралд "Дээд эрүүл мэндийн онолын үндэслэлүүд", "Хорт хавдрыг уламжлалт анагаах ухааны аргаар эмчилж эдгэрүүлж байгаа нь" гэсэн хоёр илтгэл тавьсан. Хүмүүс их л сонирхож байна билээ.

- Хорт хавдрыг эмчлээд эдгэрүүлээд байгаа чинь дэлхийд шинэ нээлт биш юм уу. Анагаасан хүнд алтан хөшөө босгоно гэдэг биз дээ?
- Хорт хавдар гэдэг чинь хүн төрөлхтний түүхэнд байж л байсан өвчин. Анагаах ухаан төгс төгөлдөр хөгжөөгүй байхад олон улсын эрдэмтэн мэргэд энэ өвчний эсрэг янз бүрийн аргаар л тэмцэж байж. Монголд ч гэсэн ялгаагүй. Манай маарамбууд янз бүрийн аргаар илааршуулж байж. Түүнийг нэг хэсэг хугацаанд "хуучны юм" гэж хааж боосон, эрдэмтэн мэргэдийг нь хороон устгасан явдал л их гай тарьсан. Тэр чигээрээ хөгжөөд байсан бол өнөөдөр монголчууд хорт хавдар, ДОХ мэтийн өвчний өмнө гар өргөхгүй байсан байх.
Манай эмнэлэгт янз бүрийн үе шатанд байгаа хорт хавдартай зуу гаруй хүн хандаж одоо нэгээс бусад нь амьд сэрүүн, ажил хөдөлмөрөө хийгээд явцгааж л байна. Би янз бүрийн хорт хавдартай 35 хүнийг эмчилсэн байдлаа судалгааны гол материал болгосон юм. Энэ 35 хүний 22 нь эрүүл саруул ажил хөдөлмөрөө хийгээд явж байна. 35 хүний өвчний түүх энэ байна. (Том хавтаснууд гаргаж үзүүллээ) Тэгэхдээ хорт хавдар бүхнийг эдгээсэн гэж хэлэхгүй л дээ. Хэтэрхий хүндэрсэн, үе шат нь өнгөрсөн өвчтөнүүд байна л даа. Би тэдний насыг л уртасгаж байгаа юм. Эхний үе шатандаа сайхан эдгэрнэ.

- Ганц хоёр баримт сонин болов уу?
- Ходоодны хорт хавдраар өвчилсөн 11 тохиолдлыг эдгээсэн. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын багш савны хорт хавдраар өвчлөөд "эмчилгээгүй" гэсэн оноштой ирсэн. 1990 онд шүү дээ. Одоо Сүхбаатар аймгийн төвд эрүүл саруул аж төрж байна. Мөн Түвшинширээ сумын Өвгөний Лхамзав гэж хүн элэгний хорт хавдартай ирээд зүгээр болоод л явсан. Ингэж эдгэрсэн хүн олон бий дээ.

- Гадаадад урилгаар их явдаг гэлүү?
- Хятад, Польш, Сингапур, Хонконг гээд олон газраар явж хүмүүст тус хүргэж байлаа. Нэрт кино жүжигчин Стивен Сигал өөртөө хамгийн зовиуртай өвчнөө эмчлүүлж эдгэрсэн. Тэгээд баярлахдаа намайг авч зүүн өмнөд Азийн хэд хэдэн орноор явсан. Тэгэхдээ хүмүүст ач тус хүргэж явсан даа. Ер нь гадаадын олон хүн эмчилсэн.

- Та судас барьж, эм тан өгдөг л хүн үү. Өөр бариа засал юм уу, эмчилгээний аргууд байна уу?
- Миний багшаасаа сурсан эмчилгээний гурван арга байгаа юм. Нэгд, судас барьж оношилж, тохирсон эм тан өгөх, хажуугаар нь "шүнгийн нууц" арга байна. Шившлэг юм даа. Өвчтөнийг анагаах гол увидас бол шившлэг. Манай багш бол үүнд онцгой гаршсан хүн байсан.

- Эмчилгээ үйлчилгээний үнэ тариф ямар байдаг бол?
- Миний багшийн сургадаг нэг сургаал байсан. Лам хүн, тэр дундаа маарамба хүн "Сэтгэл хоргодож, шуналд автаж болохгүй. Хүнд л тус хийж явах хэрэгтэй" гэдэг байлаа. Одь багш бид хоёр хэзээ ч өнгө мөнгөнд шунаж байгаагүй. Өгснийг нь авчихаад л явдаг байлаа. Хувийн эмнэлэг байгуулаад зүтгэхээр чинь зардал чирэгдэл их болох юм. Түрээсийн байранд байгаа. Хүмүүсээ цалинжуулна. Бусдад буян хийх хэрэг гарна. Арга тасраад, сүүлийн үед үнэ тогтоогоод байна. Тэгэхдээ их биш л дээ. Эм тангийнхаа үнийг олж авч байя.

- Та олсон хэдэн төгрөгөө шан урамшил, хандив тусламж гээд тараачихдаг гэлүү?
- Тийм ээ, энэ бол буян юм. Сайн багшийнхаа сүнсийг бодож би буян хийдэг. "Одийн тунгаамал" гэж шагнал бий болгосон. Алтан өргөмжлөл 100 мянган төгрөг дагалддаг энэ шагналаар нэр хүндтэй гурван эмчийг шагнаад байна. "Одийн хишиг" гэж бас 100 мянган төгрөг дагалддаг шагнал гаргасан. Энэ нь "Дээд эрүүл мэндийн онол"-ыг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэж байгаа төрөл бүрийн албаны хүн, эрдэмтэн мэргэд уран бүтээлчид, зохиолч зураачдад олгодог юм. Бүр ядуу, өрөвдмөөр амьдралтай хүмүүст ч олгосон. Энэ буяны шагналыг 40-өөд хүнд олгоод байна.

- Таны хамтран зүтгэгч Г.Лхагвасүрэн гэж хүн байдаг. Хөдөө гадаа үргэлж хамт явдаг гэсэн. Увс, Баян-Өлгийгөөс бусад бүх аймагт урилгаар очсон байна билээ. Тэр хүнийхээ тухай?
- Миний хамтран зүтгэгч энэ хүн автын инженер, жолооч хүн л дээ. Анх бас л сонин танилцсан. Лхагвасүрэнгийнх Баянхошуунд байдаг. Айлынх нь нэг охин машинд дайруулаад гэмтэж, нуруу нугасных нь гэмтлийг "эмчилгээгүй" гэж үзээд хэвтэрт хоногоо хүлээж байсан юм билээ. Намайг хөдөөнөөс орж ирсний дараахан энэ Лхагвасүрэн намайг эрж явсаар уулзан, тэр охиныг аваачиж үзүүлсэн юм. Би эмчлээд долоо хоногийн дараа хүүхэд нь хөл дээрээ босдог болсон. Одоо нэг гунхсан сайхан хүүхэн яваа. Тэгж танилцсан Лхагвасүрэн маань миний итгэлт нөхөр болж үргэлж хамт явдаг юм.

Г.Жамьян
Өдрийн сонин