Оточ одь

EN MN

Тунгааж үзвэл төрөөд олсон бүх өвчний шалтгаан нь үнэхээр мунхаг юм

Нийтэлсэн: 2011/10/17

ДЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭН, “ОТОЧ ОДЬ” ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ, ХҮНИЙ ИХ ЭМЧ, АНАГААХ УХААНЫ МАГИСТР, ИЗОТЕРИК СУДЛААЧ Х.ЦЭРЭНДОРЖ:

 

ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?

 

-Цэрэндорж багш аа, өвчин гэж юу вэ?

-Өвчний тухай тодорхойлолт гарахын тулд хэдэн янз байдаг гэдэгт хариу эрье. Юуны өмнө өвчин нь хүнийг төрөхөд нь хамт төрсөн, төрөөд олсон гэсэн хоёр янз байдаг. Төрөөд үүссэн өвчин халдвартай, халдваргүй гэсэн хоёр янз байна. Уламжлалт анагаах ухааны судруудад,

-Хүсэл тачаалаас хий,

-Уураас шар,

-Мунхагаас бадгана өвчин тус тус  үүсдэг /шалтгаан/ гэж үздэг.

 

-Төрөөд олсон бүх өвчний шалтгаан нь юу вэ?

-Тунгааж үзвэл төрөөд олсон бүх өвчний шалтгаан нь үнэхээр мунхаг юм. Тухайлбал,

- Гаж буруу хооллоод өвдвөл,

- Хэт идээд өвдвөл,

- Гараа угаахгүй өвдвөл,

- Халдварт өвчнөөр өвдвөл,

- Бэлгэсийн замын өвчинг эрж олоод өвдвөл үнэхээр мунхаг юм.

 

-Тэгвэл хамт төрсөн өвчний шалтгаан нь юу вэ?

- Хамт төрсөн өвчнүүд ч ялгаагүй урьд төрлийн мунхагийн гай юм. Орчин үеийн анагаах ухааны хэлээр бол удамшлын өвчин талбайн эмгэгшлийн бодитжсон хэлбэр юм.

 

-Өвчин хэдийд, хаана бий болдог юм бэ?

- Өвчин хэдийд хаана бий болдог тухай өнөөгийн бид хэр мэдэх билээ. Тийм учраас орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн дээд төвшнөөс “Өвчин гэж юу вэ” гэдэгт хариуг эрэх хэрэгтэй болно. 

 

-Ямар хариу гарах бол?

-Эрлийн үр дүнгээс үзэхэд өвчин гэдэг нь гаж мэдээллийн бодитжсон илрэл гэсэн томъёолол гарч ирнэ. Мэдээлэл нь гурван оронд хадгалагддаг. Энэ нь  эрчимжсэн, үйл үүсгэгч код, төлөгч­лөл юм. Орон зай дахь мэдээлэл хадгалагдах хугацааг тодорхойлох боломж олдоогүй байгаа болохоор мөнх гэж томъёолж байна. Энэ тухай шинжлэх ухааны эрэл хайгуул олз омогтой явна.

 

-Ямархуу олз омогтой байгаа бол?

-Хүний эр бэлгийн эсийн хүзүүвчний байгууламж есөн ороомогтой гэж тогтоолоо. Гэтэл хүний бие дэх хийн гурван судлын эх судлын дагуух судалд мөн л есөн давхар хийн хүрдэн бий гэж тарни бясалгал бичсэн.  Микро түвшин дэх байгууламж нь дотоод хэт нарийн эрчимт дотоод хийн түвшиндээ ч бүтцийг загварчлан дагаж байгаа биз.

 

- Хүний ДНК-д урьд төрлүүдийнх нь амьдралын мэдээллүүд хадгалаастай байдаг гэсэн. Энэ үнэн үү?

-Хүний ДНК -ийн уургийн био соронзон оронд урьд төрлүүдийнх нь  амьдралын 1500 жилийн мэдээлэл бичээстэй байна гэж тогтоочихсон. Энэ хугацаа нь Монголын ясан удмын харшилтын хугацаатай адил байгаа юм. Энэ бүхнийг “Сонин л юм байна“ гэх  ч юмуу  эсвэл үл тоож өнгөрвөл таньд ямар ч тус нэмэр өгөхгүй. Уншсан цагийн гарз төдий юм.

 

- Та бас сүнсний мэдээлэл гэж яриад байгаа. Энэ тухайгаа тодруулж хэлэхгүй юу?

- Харин энэ бүхэн дээр сүнсний мэдээллийн сонгомол ариун сан бий гэдэг дорнын гүн ухааны онолтой харьцуулан ухаж онгойлговол өвчний тухай дээрх өгүүлэмжтэй санал нийлэх, эс нийлвэл илүү мэргэн зөв утгыг олох эрэлд гарах болно.

 

-Өвчин гэдэг нь гаж мэдээллийн бодитжсон  илрэл гэдгийг та өөрөө олж тогтоосон уу?

-Өвчин гэдэг нь гаж мэдээллийн бодитжсон илрэл... гэсэн ийм тодор­хойлолтыг би бодож олсон юм биш. Өвчин оршин байгаа шиг тодорхойлолт ч хэн нэгнээс үл хамаа­ран оршиж байна. Тэрнийг л би хэлбэржүүлж, хэллэгшүүлсэн нь энэ. Үүнээс өөр оновчтой томъёолох арга хэлбэрийг та ч дэвшүүлж болно.

 

-Өвчин гэж юу вэ?... гэсэн тодорхойлолтыг илүү үр дүнтэй болгохын тулд яах ёстой вэ?

-Өвчний гарал үүсэл, тодор­хойлолтыг мэдээлэлтэй холбосноор өвчин гэж юу вэ, түүнээс хэрхэн сэргийлэх вэ, яаж эмчлэх вэ гэх мэт анагаах ухааны түүхэнд тулгамдсан асуудлуудад илүү үнэ, илүү өндөр үр дүн авчрах  болно.

 

-Хүүхдийг төрөхөөс нь өмнө, төрсөн хойноо өвчлөх өвчин нь бэлтгэгдчихсэн хүлээж байдаг гэж олйгож болох уу?

-Хэрэв мэдээлэл мөнх хадгалагддаг юм бол хүүхдийг төрөхөөс нь өмнө, төрсөн хойноо өвчлөх өвчин нь бэлтгэгдчихсэн хүлээж байдаг гэж ойлгож болно. Урьдах төрлийн ба эцэг эх, өвөг дээдсийн үлдээсэн гаж мэдээллийн орон зайд хүүхэд төрнө гэсэн үг. Энэ бол үйл үрийн орон юм.

 

-Үүсч бий болсон өөрчлөлтийг хэдийд яаж мэдэж болох вэ?

-Хүүхэд өсч бойжихын хэрээр мэдээллийн төлөгчлөгдсөн орон идэвхжиж үйлд хувьсан эмгэгшлэл нь явагдана. Энэ эмгэгшил нь шууд дүрст эст бус биеийн эмгэгшлийн оронд гажиг үүснэ. Амин орны гажилт  5-10 жил түүнээс урт удаан хугацаанд гүнзгийрэн эс эд, эрхтний эмгэг өвчин үүснэ. Дүрст үүсч бий болсон өөрчлөлтийг сая мэдэж оношлох ажил эхлэнэ.

 

-Нэгэнт үүссэн өвчин эдгэрэхгүй цаашид даамжраад байдаг нь ямар учиртай юм бэ?

-Өвчин үйл үрийн оронд эзнээ угтан авч, амин оронд үүсч, эс эдэд /үр/ даамжирна. Өвчин эмгэг нь сэтгэл санааг дарангуйлж үүслийн шалтгаанаа улам эрчимжүүлнэ. Оюун ухаан өвчний гадаад шинжүүдийг ургуулан бодож, олон янзын муу үр дүнг төлөгчлөн, өвчнөө хүндрүүлэн биеэ доройтуулах төлөвлөгөөг гаргаж, бие махбодь, ухаан, ухамсар, сэтгэл сэтгэхүйдээ тулган хүлээлгэдэг.

 

-Үүнд уг бие махбодийн эзэн өөрөө буруутай юу?

- Эзэн нь өөрөө энэ мэтээр өвчнөө тордон гүнзгийрүүлж улмаар хүндрэл, үхэл, мөхөл рүү хоног хоногоор ойртуулж байдаг юм шүү дээ.

 

-Дээд эрүүл мэнд нь үзэл баримтлалын хувьд өвчинг юу гэж үзэж байгаа вэ?

-Дээд эрүүл мэндийн үзэл баримтлалын түвшнээс өвчинг урьд төрөл, эцэг эх, өвөг дээдсийн үлдээн бэхжүүлсэн мунхагийн шалтгаанд үйл үрийн эмгэгшлийн хугацааг тодорхойлж одоохондоо чадаагүй байна. Амин орны эмгэгшлүүдийн үе шат нь ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүйн оронтой шууд харьцаж, тэднээс сэлбэгдэн арвидаж, өвчин даамжрах, эсвэл хорж хотойж арилж эрүүлждэг байна.

 

-Энэ талаар шинжлэх ухаанд хурааж хуримтлуулсан туршлага гэж байдаг болов уу?

-Шинжлэх ухаан буюу дүрс судлалын анагаах ухаанд билэг буюу дүрсжихийн урьдах үеийн эрүүл эмгэгийн тухай орхигдуулчихсан юм. Тийм болохоор үйл үрийн орны эмгэг амин орны эмгэгшил, ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүйн эрүүл эмгэгтэй хэрхэн ямар барилдлага нөлөөтэй тухай туршлага мэдлэг хуримтлагдаагүй байна.

 

-Танд баярлалаа.

 

Ярилцсан Д.Бадрангуй “Хань” сонин