Оточ одь

EN MN

Судлын шинжлэх ухаан

Нийтэлсэн: 2011/10/17

ХАНЬ сонин №36 2009 он

“Оточ Одь” Эмнэлгийн ерөнхий эмч, оточ, эрүүл мэндийн тэргүүний ажилтан П.Баатар: “СУДАЛЫН ШИНЖЛЭХ УХААН ГЭДЭГ БОЛ ГЭДЭГ ИХ ХОЛЫН ЯВДАЛ МӨР, ДАЛД УТГЫН ГҮН УХААН ЮМ” ГЭЖ БАГШ МААНЬ ХЭЛДЭГ БАЙСАН

Эрхэм уншигчид аа! Бид өмнөх дугаартаа “Одь оточ” хэмээн зон олондоо алдаршсан оточ, маарамба Дамдинжавын Дорж агсантай 1994 онд хийсэн “Монгол анагаах ухааны тухай” ярилцлага нийтлэсэн. Энэ удаад бид Д.Дорж агсаны гарын шавь “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч, оточ П.Баатартай багшийнх нь тухай  дурсан ярилцсанаа толилуулж байна.

 

-Манай сонин түрүүчийн дугаартаа таны багшийн монгол анагаах ухааны тухай ярилцлагыг нийтлэсэн. Та багшийнхаа тухай манай уншигчдад тодрулж ярихгүй юу?

- Миний багш Одь оточ хэмээн ард олондоо алдаршсан хүн оточ хүн. Жинхэнэ нэрийг нь Дамдинжавын Дорж гэдэг. Багш маань одоогийн Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд амьдарч байсан. Хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны нутаг. Дорноговь аймгийн Дэлгэрэх, Хэнтий аймгийн Гал шар, Сүхбаатар аймгийн Түвшинширээт сумдуудын нутгийн  зааг дээр бага насаа өрнүүлсэн хүн дээ.

-Багшийнхаа хань, гэр бүл, үр хүүхдийнх нь тухай ярихгүй юу?...

-Одь багш маань, багшийнхаа дэргэд байж байгаад өргөж авсан охинтой нь гэрлэсэн хүн. Есөн охинтой, нэг хүүтэй. Зээ нар нь их сайн яваа. Гадаадад эрдэмтэн доктор болсон хүмүүс ч бий. Ер нь багшийн маань үр хүүхэд, шавь нар сайн яваа. Багшийн нэг зээ нь сая Америкт доктор хамгааллаа. Бас нэг нь Голландад доктор хамгааллаа. Доржготов гэж ганц хүүтэй 9 охинтой юм шүү дээ, багш маань. Тэдний ач зээ үр хүүхдүүд нь Дэлгэрэх суманд сайн яваа. Сая гэхэд Гантөмөр, Ганзориг гээд ах дүү хоёр зээ нь  Японд урилгаар яваад эрдэмтэд болсон. Тэр сайн хүний хэлж байсан ерөөл зарлигаар нь өнөөдөр бид нар сайн сайхан явж байна даа.  Бид нарыг багш маань гоё ерөөж байсан. “Миний хүү бол энэ эмээ, номоо сайн сурвал тэгж тэгж сайн явна” гээд л. Би ингэж боддог юм. Багш маань амьддаа бүгдийг нь ерөөчихсөн. Ерөөлүүд нь бүгдээрээ биелчихсэн.

- Багш тань маарамба болох замаа хэрхэн яаж эхэлсэн бол?...

- Таван настай байхад нь Өндрийн Дамчаасүрэн гэж том маарамбад шавь оруулсан гэдэг. Дамчаасүрэн маарамбад шавьд орж ном сураад 27 нас хүртлээ багшийнхаа дэргэд байж зурхай, гүн ухаан, амьтан, ургамлын тухай номыг хуучнаар нь заалгаж, зурхайн төвд хэлний орчуулга, анагаах ухааныг гайхамшигтай сурсан хүн. 28 хүүхэд байснаас явсаар байгаад манай багш үлдэхэд Дамчаасүрэн маарамба, “За яах вэ энэ Одийн эрдэм бол 60 жилийн дараа л гарах юм байна. Бусад нь ойр зуур ном уншиж байгаад цаг төр нь ч болохгүй, урт наслахгүй юм байна” гэж хэлж байсан гэдэг. Багшид Дамчаасүрэн маарамба анх анагаах ухааны судар ном заасан юм билээ. Зажид гэж мод босгодог ном байдаг. Тэрийг зурж өгөөд үнсэн самбар дээр зуруулахад 244 навчийг багш цээжээрээ зөв зурж байсан гэсэн. Өвчтэй хүний мод, эрүүл хүний мод гээд. Тэрийг хараад багш нь эрдэм нь одоо даанч гарч болохгүй, цаг үе нь биш. Жаран жилийн дараа л Одийн эрдэм гарах байх гэсэн гэнэ лээ.

- Багш тань хүнд өвчнөөр өвдөөд өөрөө өөрийгөө эдгээж байсан гэдэг. Энэ тухай ярихгүй юу?

- Манай багш өөрөө 65 настай байхдаа ходоодны хорт хавдар туссан. Цаг хэцүү байсан учраас эм нэг ч уугаагүй, гурван ширдэг эсгий цоортол мөргөөд, хар цай уугаад өөрийгөө эдгээсэн түүх байдаг. Мөн 75 настай байхдаа уушигны хорт хавдар тусаад эмч нар эмчилгээгүй гэж хэлэхээр нь өөрөө өөртөө уушигны эм хийж уугаад тэр уушгаа задалж эдгээгээд 85 нас хүрсэн. Өөртөө 10 нас бэлэглэсэн гэсэн үг шүү дээ. Буян хийж Утай Гүмбэнд шавь нараа цуглуулж мөнхийн хурлуудыг хийж тэр 10 жилийн хугацаанд буян их хийсэн. Ном судар, хоёр ч ганжуур залж ирсэн. Олон түмэндээ мөнхийн хурлуудыг Утай Гүмбэнд хуруулж ирсэн хүн дээ.

- Багш тань ямар өвчин эмгэгийг гаргууд сайн эмнэж анагаадаг хүн байсан бэ?

- Дотрын өвчин, ходоодны хавдар, нарийн, эмэгтэйчүүдэд сайн байсан. Одоо манай багшийн эмнэсэн Алтангэрэл гэж эмэгтэй одоо Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд эмэн мэнд байгаа.

- Таны багш хэр хатуу чанга хүн байв?

- Их хурц үгтэй хүн байсан. Дүр төрх нь шавь нартаа болон хүмүүст тийм зөөлөн биш. Загнаж гаргачихаад дараа нь хөөрхий гэдэг. Хурц үгтэй, хүнд юм бодогдуултал үг хэлдэг хүн байсан. Зарим хүмүүс түүнийг нь загнаж байна гээд “Одь олиггүй” ч гэдэг. Загнаж хэлсэн үг нь нэг тийм гоё. Дамчаасүрэн маарамба Одь багшид “Одио чи миний энэ эрдмийг сурч чадвал бор гэрээсээ ертөнцийг харж чадна, миний энэ эмийг ёсоор нь хийж чадвал тийм байх юмаа. Сохрын газар сохроо дагуулаад яв. Энэ эмийг уусан хүн ад зовлон гай барцадыг арилгадаг. Энэ дэлхийг алтаар дүүргэсэн ч энэ жорыг олохгүй юм аа. Тэрийг Одь чамд өгч байна”  гэж хэлсэн гэдэг. Тэгээд багш маань  надад, “Чи миний энэ эрдмийг сурч чадах юм бол...” гээд тэр үгийг хэлдэг байсан. Гэхдээ, “Энэ бол миний хэлсэн үг биш. Миний багшийн хэлсэн үг шүү Баатар аа!...” гэж надад хэлж байсан.

 -Багшийнхаа багшийн амьдрал, эрдэм номын талаар та хэр зэрэг мэдэх вэ?

- Мэдэлгүй яахав. Багш маань өөрийнхөө багшийн тухай ингэж ярьдаг байсан юм. “Миний багш ижилгүй хүн байсан. Далд болж байгаа юмыг мэдээд очиж, айлын гайг арилгадаг тийм хүн байсан. Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Дорнод гээд зүүн аймгийнхан андахгүй. Богдын нэг том цоржийн бие нь өвдөөд халхын ямар ч эрдэм номтой маарамба эдгээж чадаагүй байхад нь багш нь очиж л дээ. Очоод манхагтай эмнийхээ амыг нь дэлгээд залбирсан гэсэн. Гэтэл гурван уут эм босоод ирсэн гэдэг. Тэрнээс гурван тун өгчихөөд явсан. Тэр цорж нь эдгэж сүүлд нь багшид нь  “ДАРХАН ЭМЧ” цолыг хойноос нь өгч байсан гэнэ лээ... гэж багш маань ярьдаг байсан.

 -Багштайгаа хамт байх үед гайхаж хачирхмаар ч юмуу, эсвэл билгэшээмээр  сонин үйл явдал тохиолдож байв уу?

- Ер нь сонин түүх ихтэй. Багшийн маань ерөөл бүхэн биелдэг. Гүмбэнд багшийгаа аваад явж байсан чинь Гүмбэнгийн нэг сүмийн үүдэнд тавьчихсан байсан таяг нь алга болчихсон. Гүмбэнгийн мөнгөн суваргыг тойроод багшийгаа үүрээд явж байсан чинь  аяга нь газар унасан. Тэгээд аяга нь таг таг гэж байгаад дээшээ хараад ойчсон. Тэгсэн чинь багш маань, “Баатараа, өөд болоод өнгөрвөл чи намайг энэ Гүмбэнгийн лам нар дундаас ирж хараарай. Тэгэхэд би нэг чамд харагдах байх. Би энд Гүмбэнд эргэж төрөх юм байна” гэж хэлж байсан.

-Одь багшийнхаа хэлж, ярьж зөвлөж байсан зүйлийн талаар ярихгүй юу?

-Багшийнхаа хэлж ярьж байсан зүйлийг биелүүлэхийн төлөө хамт олон, шавь бид нар нь зүтгэж явна. Багш маань хатуу үг хэлдэг ч, холыг харсан ухаантай хүн байсан. Багшийн багш жаран жилээр харж шавиа сонгож үгээ хэлдэг байсан. Миний багш ч гэсэн өөрөө харж шавиа сонгоод өөрийн ном, өгүүлбэрээ айлтгадаг бас жаран жилээр сэтгэдэг, жаран жилээр ярьдаг, жаран жилээр уншдаг ийм нэгэн гэгээн буурал байлаа. Тэднийгээ оюуны мандал дотор хөвж явдаг мандширийн бурхантай холбоотой бясалгалаар уулздаг ийм өвгөд байсан юм болов уу гэж би өөрөө дүгнэсэн юм. Ийм гэгээн буурал өвгөдийн ухааныг яаж таслахгүй явах вэ. Энэ хүн төрөлхтөнд яаж хувь нэмрээ оруулах вэ гэж бидний хэдэн эмч нар сүүлийн 25 жил зүтгэж явнаа. Энд алдаж оносон ч юм байгаа болж бүтэж байгаа ч юм бий.

- Багш тань таныг магтаж байв уу?

- Надтай юм ярихгүй шүү дээ. Ер нь жаахан муухан сурч байна л гэнэ. Ер нь бол үг нь  шавьдаа хатуу, нэг ч удаа магтаж байгаагүй. Цэрэндорж багшид “Баатар минь гайгүй судас үзсэн гэж болно шүү. Одоо бол түүнд хэлээд хэрэггүй. Цаадах чинь аягүй бол онгироод тэр чигээрээ явчихна” гэж хэлсэн гэнэ лээ.

 -Багш тань хэр зөнч, далд увьдистай хүн байсан бэ?

-Багш маань Хатанбаатарын эмнэлэгийн зөвлөх эмч байсан. Тэгээд байсгээд л Дэлгэрэхээс ирнэ. Шуудангийн машинд сууж Дорноговь ороод галт тэргэнд сууж Улаанбаатар хот руу явдаг байлаа. Тэгж явж байхдаа нэг удаа “1989-1990 онд төр өөрчлөгдөх байхаа” гэсэн. “Яагаад?”  гэсэн чинь “Харав уу, дандаа цагаан цэцэг ургасан байна шүү дээ. Ингэхэд төр өөрчлөгддөг юмаа” гэсэн. Тэгээд үнэхээр төр өөрчлөгдсөн. 1991 онд ногоон навч гандаад, цэцэг дэлбээгээ дэлгэхгүй байсан. Тэр жилийн цэцэг ногоо, календарь  хоёрыг харчихаад багш маань, “Жимс ногоо ч үгүй, юу ч үгүй хувхай календарь гарчихжээ. Монголчууд ямар ч байсан жаахан өлсөх юм байна даа” гэсэн. Тэр нээрээ л бүх дэлгүүрийн лангуу хоосорсон шүү дээ. Дараа жил сонин шар цэцэг ургасан. Тэгэхэд багш маань “Хүмүүс жаахан хоолтой явна, гэхдээ өвчин элбэгшиж магадгүй” гэж билээ. Тэр үед манай Дорноговь аймагт Эрээний элдэв юм орж ирээд загатнадаг, маажуур, хөх гуя гээд янз бүрийн өвчин элбэгшсэн дээ. 

-Багш тань судас барьж оношилдог хүн байсан уу. Эрдэм чадлаас нь ярихгүй юу?

-Багшийн судасны эрдэм бол ер нь гайхалтай даа. Судас барихдаа ирсэн хүнийг тэр дор нь үздэггүй. Одоо яг яараад байна, танд гялс үзүүлчихээд явья гэхэд, “Задарсан муу тархи чи дураараа гэдэг нь, тэгж болдоггүй юм” гээд хонуулаад өглөө нь нар гарах үед судсыг нь барьдаг. Анх үзэж байгаа хүнээ өглөө өлөн дээр нь үздэг хүн байсан.

-Судасны шинжлэх ухаан гэж юу вэ?

-Бид нар багшаас судасны шинжлэл гэж юу юм бэ гэхээр, “Та нар ойлгохгүй дээ. Судалын шинжлэх ухаан гэдэг бол гэдэг их холын явдал мөр, далд утгын гүн ухаан юм. Тиймээс багш нь ч сураагүй юм” гэдэг байсан даа.

- Буурал багшийнхаа талаар сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.