Оточ одь

EN MN

Оточ П.Баатар: Миний багш нар эгнэшгүй их эрдэм чадалтай мэргэд байсан даа

Нийтэлсэн: 2012/07/14

“Хань” сонины эрхэм уншигч захиалагчид аа! Манай сонин 2009 оноос Монголын уламжлалт анагаах ухааны “Оточ Одь” эмнэлгийн ерөнхий эмч, хүний их эмч, оточ Пунцагийн Баатарын анагаах эрдэм чадал болон энэ эмчээр эмчлүүлж хүнд өвчнөөсөө салж эдгэрсэн олон хүнийг сонины хуудсаараа та бүхэнтэй уулзуулсан билээ. Багшийн эрдэм шавьд гэдэг. Оточ П.Баатар өөрийнхөө тухай ярихаасаа илүүтэй гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит багш нарынхаа мэргэн ухаан, байгалиас заяасан гайхам авьяас, эгнэшгүй их эрдэм чадал, юугаар ч үнэлж баршгүй үнэт сургааль үгсийг нь дурсан ярих дуртай нэгэн ажээ. Өмнөх дугаарууддаа бид оточ П.Баатарын багш “Одь” хэмээн олонд алдаршсан оточ маарамба Д.Дорж гуайн тухай, мөн “Одь” эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны магистр, изотерик судлаач, хүний их эмч Х.Цэрэндорж гуайн тухай нийтлэсэн билээ.

Энэ удаад бид оточ П.Баатарын багш, зоч лам Д.Самбалхүндэвийн тухай нийтлэж байна.

- Та Д.Самбалхүндэв багшийнхаа тухай дурсамжаас “Хань” сонины уншигчидтай хуваалцахгүй юу?

- Миний багш нар бол эгэл даруухан бөгөөд эгнэшгүй их эрдэмтэй хүмүүс юмаа. Тэдний нэг нь Дугаржавын Самбалхүндэв багш маань юм. Багш маань их ёж үгтэй, би юу мэдэхэв, юу чадахав гэх мөртлөө дотроо их нинжтэй, хэзээний л тэр номонд бурхан ингэж айлдсан байдаг гэх. Самбаа багш маань жодын номонд нэвтэрсэн зоч хүн байсан. Номч удам судартай, жодын эрдмийг их холоос өвлөж авсан хүн. Тэгэхээр багшийгаа ярихын тулд багшийнх нь тухай ярих ёстой байх. Багшийн маань номынх нь багш нь аав нь байсан юм гэдэг. 

- Тэгвэл та багшийнхаа аавын талаар ярихгүй юу?

- Д.Самбалхүндэв багшийн маань аавыг Х.Дугаржав гэдэг. Хүүхэний Дугаржав гэхээр хүмүүс андахгүй. Ялангуяа Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгийнхан сайн мэднэ. Тэр хүн их эрдэмтэй налжирваа егүзэр байсан гэдэг. Налжирваа гэдэг нь одоогоор бол Их бясалгагч гэсэн үг л дээ. Нутгийн олон “гүйдэг” Дугаржав ч гэдэг, бас “үст” Дугаржав ч гэдэг байсан юм билээ. Ер нь бол нутаг орондоо “гүйдэг” Дугаржав гэдгээрээ алдартай хүн.

- Х.Дугаржав гуайг яагаад “үст” Дугаржав, “гүйдэг” Дугаржав гэдэг байсан юм бол?

- Хүүхэний Дугаржав гуай голдуу явган, хөл нүцгэн явдаг. Тэгээд битүү их үстэй. Хөөс сахруулчихаад дандаа морь унаатай хүмүүстэй уралдаж явдаг, олон сайхан шидийг үзүүлдэг хүн байсан юм билээ.

- Жишээлбэл?!

- Жишээ нь Дорноговь аймгийн Хамарын хийдэд ноён хутагтын Цээжүү хурчихаад Хамарын хийдээс Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Хүйтний цав гэдэг газар хүртэл 250 км гаруй газар нүцгэн Жалцав гэдэг хүнтэй хоёулаа уралдаад явж байсан байгаа юм. Х.Дугаржав гуай наадам үзчихээд нутгийн наадамчдыг хаа хүрэх нь вэ гэж асуугаад тэдэнтэй Хэнтийгээс Сүхбаатар аймгийн Түвшинширээ сум руу уралдаж байсан гэдэг. Дугаржав гуайг гэртээ ирчихээд сууж байхад нь уралдсан хүмүүс нь хэзээ хойно ирж байсан гэж нутгийн зон олон домог болгон ярьцгаадаг юм билээ. Нутгийн наадам болоход бага насны морьд уралдахад явган явж зурхайнаас нь тавьж өгчихөөд өөрөө түрүүлээд гүйгээд ирдэг хүн байсан гэдэг.

- Х.Дугаржав гуай өөр ямар ид шид, эрдэм чадлыг үзүүлдэг байсан бол?!

 - Х.Дугаржав гуай чулуу иддэг, бас шаазанг амсар дээрээс нь барьж байгаад нөгөө тийш нь эргүүлчихдэг тийм их ид шид, эрдэм чадалтай хүн байсан юм билээ.

- Х.Дугаржав гуай лам хүн байсан уу?

- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Бүрдэнбулаг гэж сайхан нутаг бий. Энд Сорогжод дүрханлин хийд гэж байсан. Самбаа багш маань, “Миний аав Х.Дугаржав Сорогжод дүрханлин хийдийн хамба лам нь байсан юм” гэж дурсан ярьдаг байсан.

- Х.Дугаржав гуайнх олон хүүхэдтэй юу. Багшаас чинь өөр зоч болсон хүн байдаг уу?

- Х.Дугаржав гуай олон хүүхэдтэй. Тэднээс Самбалхүндэв, Самбанүрдэв гэдэг хоёр хүү нь зоч болсон. Энэ хоёр хүүдээ өөрийнхөө нууцыг дамжуулан үлдээсэн гэдэг. Самбаа багш маань жарз номоо гүйцээхийн тулд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Маамаа гэж алдаршсан зоч хүнд шавь орсон юм билээ. Тэгээд Самбалхүндэв, Самбанүрдэв хоёр Одь багштай хамт 108 хоног жарз хийж зоч болцгоосон гэдэг. Жодын ном гэдэг нь 108 булагаар явж лүйжин гэдэг номыг унших эрхийг авдаг бясалгалын ёс юм. Тэгээд ийм хүчийг авсан тэр хүнтэй Одь багш маань намайг холбож өгсөн дөө.

- Багшийнхаа эрдэм чадлаас ярьж сонирхуулахгүй юу?

- Хэнтий аймгаас нэг хүн Одь багш дээр ирсэн. Элэгний хавдартай, хүнд өвчтэй хүнд арга тус эрж явсан юм билээ. Тэр үед Самбаа багш маань Одь багшийнд ирчихсэн байсан. Тэгсэн Одь багш надад хандаж, “Баатар аа, миний аранзаны тэнд Эрдэнэтээс авчирсан атгын чинээ оюу байгаа. Түүнийг нүдэж нунтаглаад тэр ядарсан хүнд эм хийж өг” гэсэн. Тэгээд би тэр оюуг аваад дөшин дээр тавиад лантуугаар цохисон чинь нөгөөдөх маань хагардаггүй. Нэг дэлсээд орхисон чинь тээр хол хамрын тамхиа татаад Одь багштай юм яриад сууж байсан Самбаа багшийн маань монгол гутлын хоншоорыг тас хийтэл цохисон. Тэгсэн Самбаа багш тэр оюуг авч “Яасан хагардаггүй чулуу вэ” гэснээ шүдээрээ тас хазаж хагалаад талыг нь надад өгөөд, “Чи үүнийг хадгалж, эм хийж амьтанд тус болж яваарай” гэж билээ. Тэгэхэд би Самбаа багшдаа шавь ороогүй байсан юм. Багшийнхаа тэр их эрдэм чадлыг нь сүслэн биширч, маргааш өглөө нь наран мандах үеэр хадаг барьж багшдаа шавь орсон доо. Намайг Самбаа багшид шавь орсон чинь манай Одь багш машид баярлаж, сэтгэл их өндөр байсан. Самбаа багшийнхаа эрдэм чадлын талаар ярихаар үлгэр домог шиг л санагддаг юм. Миний багш нар ийм л эгнэшгүй их эрдэм чадалтай мэргэд байсан юм даа.

- Багш тань, галд түлэгдээд найдваргүй гэсэн оноштой хүнийг эмчилж эдгээсэн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

- Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд Хундаваа гэдэг хүн гэртээ хонда мотор асааж байгаад гал алдаад гэр нь шатахад хүүхдээ аврах гэж гал руу дайрч ороод бүх  бие нь түлэгдсэн байсан. Улаанбаатараас эмч нар онгоцоор ирээд 4-р зэргийн түлэгдэлтэй гээд ямар ч арга чарга байхгүй, найдваргүй гэж хэлээд орхиод явсан гэсэн. Тэгээд тэр хүний ах дүү нар нь Самбаа багшид ирж ийм үйл явдал боллоо, Хундаваагийн бие муу, эмч нар найдваргүй гэж хэлснийг нь дуулгахад багш маань, “Тэгж ч ярихгүй шүү” гэсэн гэдэг. Тэгээд дөрвөн айлаас дөрвөн хусуур авчруулж бүгдийг нь аргалын галд улаасгаад, тэр улайссан хусуурыг долоогоод Хундаваагийн түлэнхий бие рүү тарнидаж нулимаад байсан гэдэг. Тэгээд тэр хүний бие сорвигүй эдгээсэн. Одоо Хундаваа гуай эсэн мэнд сайн сайхан амьдарч байгаа.

- Та багшаасаа өнөөгийн нийгмийн байдал, элдэв өвчин эмгэгийн талаар асууж ярилцаж байв уу?

- Би багшаасаа, “Сүүлийн үед мэдэх мэдэхгүй өвчин эмгэг их гарах болж, хүний нас богиносож байгаа нь юунаас болж байна вэ?” гэж асууж байсан. Тэгэхэд багш маань, “Дээр үед хүмүүс арга билгээр хооллодог байсан юм. Жишээ нь өвлийн ид хүйтэнд л мах иднэ. Зуны халуунд мах идэхгүй, сүү тараг, цагаан идээ л иддэг байсан. Гэтэл одоо өвөл зунгүй мах иддэг болжээ. Бас олдсон бүхнээ, дайралдсан бүхнээ иддэг болж. Амтлаг болоод шорвог идээ ундааг зохицуулж хэрэглэхийн оронд бүгдийг нь амсаж амтлах гэж, иддэг болгоныг идэж, уудаг болгоныг уух гэж хэт хомхойрох болж. Энэ бол замбараагүй буруу хооллож байна гэсэн үг. Иддэг болгон хоол биш, уудаг болгон ундаа биш. Хоол хүнс гэдэг чинь хоорондоо зохицох, үл зохицох гээд нарийн учир жанцантай эд юм шүү дээ. Тэгээд бас өнөө цагийн хүмүүс ярихаараа сэрэмжгүй үйл, үг яриа их хэрэглэдэг  болж байна” гэсэн.

- Хүмүүс яагаад ингэж болохгүй бүтэхгүй гэсэн болгон руу, буруу тийш  зүтгээд байгаагийн шалтгааныг асууж байв уу?

- Асуулгүй яахав. Багш маань, “Энэ бол цөвүүн цаг ирж байгаагийн шинж” гэж хэлсэн.

- Сэрэмжгүй үйл, санамсаргүй яриа гэдгийг жаахан тодруулахгүй юу?

- Сэрэмжгүй үйл, санамсаргүй яриа бодол нь нийгэмдээ буруу нөлөөлөөд тэгээд ийм үг яриа нь сэтгэлд шингээд, оюун ухаан нь сэвтэж эхэлдэг юм байна. Үүнийг оюуны хиртэлт буюу ад дон гэж байгаа юм… гэж багш маань хэлдэг байсан. Би багшаасаа “Хүн яагаад уурладаг юм бэ” гэж асуусан юм. Тэгэхэд багш маань “Асуур тэнгэрийн адаар уурладаг юм” гэсэн. “Тэгвэл хүн яагаад шунадаг юм бэ” гэхэд “Бирдийн адаар шунадаг юм. Энэ нь сэтгэл санаа оюу ухаанаар дамжиж нийгэмд хурж бөөгнөрөөд эдгэшгүй муу өвчин болж байгаа юм” гэж хэлсэн.

- Үүнийг засаж залруулж болдог болов уу. Болдог бол яаж засдаг юм бол?

 - Энэ асуултын чинь хариу болгож багшийнхаа ярьсныг л хэлье дээ. Багш маань, “Уурлаад байгаа тэр хүн чинь асуур тэнгэрийн аданд орчихдог юм. Энэ нь нэг ёсондоо тэнгэр бурхнаа гомдоож байнаа гэсэн үг. Одоо энэ шунаад байгаа хүмүүс чинь бирдийн аданд орчихдог юм. Авсан дээрээ улам авах гээд шунаад байдаг. Шунал гэдгийг жишээлж хэлбэл борооны дараа татдаг солонго мэт хоосон зүйл юм. Тэр хоосон зүйлийг барьж авах хөөцөлдөж явсаар байгаад нүхэнд унахтай адил юм. Тийм учраас шунал нь ихдэхээрээ адаар дамжсан өвчин болчихож байна гэсэн үг. Энэ бүхэн хуримтлагдсаар байгаад нийгэмд өвчин болдог. Үүнийг гүрэм номоор л засна. Сайн гүрэмч нар лүйжин тавьж засдаг юм. Үүнийг засахын тулд хүмүүс юуны түрүүнд сэтгэлээ ариусгах хэрэгтэй, нүгэл гэмээ наманчлах ёстой. Цөвүүн цагийн өвчин эмгэгийг гүрмээр л засаж эдгээнэ” гэж олонтаа айлдаж байсан.

- Багшийн тань зээ хүү өвдөөд Одь багшаас эм залаад сэвгүй эдгэсэн гэсэн. Энэ талаар тодруулж ярихгүй юу?

- Багшийн маань зээ хүү Батжаргалын Баяржавхлан нь 4-5 настай байхдаа шарлаад элэгний комд ороод Сүхбаатар аймгийн эмнэлэгт маш хүнд байсан юм билээ. Нэг өдөр Самбаа багш маань, машин унаа явахын аргагүй нэг их цас зудтай жил моосттой жаран есөөр зорьж зүтгэсээр Одь багшийнд ирсэн. Тэгээд, “Баяржавхлан хүүгийн  маань бие нь муудаад хүнд байна, багшаас эм залах гэж ирлээ” гэсэн. Тэгэхэд нь Одь багш, “Өө хөөрхий арьяабал гэж. Алив Баатар аа, тэр баадантай эм аваад өг” гэсэн. Одь багш баадангаа уудлан нэг манхагнаас долоон тун эм авч Самбаа багшид өгсөн. Тэгсэн багш тэр долоон тун эмийг нь чамласан ч юмуу, “Одь багш минь ээ, тэр их холоос өвгөн хүн цас мөс хагалж зорьж ирлээ. Энэ эмнээсээ дахиад жаахан нэмээд өгчихгүй юу” гэхэд Одь багш, “Чиний ганц охины ганц хүүг миний долоон тун эм эдгээж чадахгүй юм бол би үүнээс хойш эм тан барихаа больё” гээд “Алив Баатар аа, тэр бааданг хураагаад авдранд хий” гэж байж билээ. 

Одоо багшийн маань зээ хүү Баяржавхлан хорь гаруй настай сайхан залуу бий. Одь багшийн долоон тун эмийг уугаад ямар ч сэвгүй эдгэсэн. Сүүлд Самбаа багш маань, “Би тэгэхэд Одь багшийнхаа өөдөөс долоохон тун эм өглөө гэж хэлээд загнуулж байж билээ” гэж дурсан яриад уйлж байж билээ.

- Багш тань олон жил тасраад байсан хурал номын үйлийг сэргээсэн гэсэн…

- Өвгөн багш маань, хувьсгалын жилүүдэд тасраад байсан Ханда тойногийн Их цээжүү гэдэг хурлыг З.Алтангэрэл болон бусад лам, шавь нартайгаа санаачлан сэргээсэн. Энэ хурлыг одоо ч шавь нар нь жил болгон тасралтгүй хурж байгаа. Их цээжүү гэдэг хурал номыг жил бүрийн намрын дунд сарын шинийн арванд Хамарын хийдэд болон, өөрийнх нь төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Алтанбулагийг хийдэд тогтмол хурдаг юм.

- Танд баярлалаа.

Ярилцсан Д.Бадрангуй "Хань" сонин