Оточ одь

EN MN

Монгол анагаах ухааны хөгжил

Нийтэлсэн: 2013/01/09

Монгол анагаах ухаан, эмнэлгийн талаар миний бие сониуч сэтгэлдээ хөтлөгдсөн хуучин эмч, маарамба явсан хүмүүстэй удаа дараа уулзан ярилцаж байсан юм. Олон зууны туршид ард түмэн маань үе дамжин судлан боловсруулж хэрэглэж ирсэн эрдэм ухааны нэгэн дээж хуримтлал болсон монгол анагаах ухаан, ардын эмнэлгийн тухай өнөөгийн хүмүүст өчүүхэн ч атугай зөв ойлгоц өгөх санаа өвөрлөн энэхүү ярилцлагыг хийж, товч өгүүлэл бичлээ. Зон олны тусыг эрхэмлэсэн бодь сэтгэлтний нэг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харъяат 77 настай, Оточ "Одь" хэмээн олонд алдаршсан Дамдинжав овогтой Дорж гуайтай 1994 онд "Утга зохиол урлаг" сонинд Ц.Сайннямбуу сэтгүүлчийн бэлтгэсэн ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна. 

Монгол анагаах ухааны эмч нарыг хэрхэн бэлтгэдэг байсан бэ? Та өөрөө яаж эмч болсон тухайгаа ярина уу?

Манайд чинь оточ бэлтгэдэг нэлээд хэдэн манба дацан байсан шүү дээ. Суралцах гол арга бол үзсэнээ шүүлгэх, ном хаялцан хүчээ сорих замаар чадал сууж байлаа. Монгол эмч нь шинжлэн оношлох, эмээ бэлтгэх, гардан эмчлэх гурван ухаанд боловсорч байлаа. Энэ гурван чухаг эрдэмд суралцахад ихээхэн хичээл зүтгэл, цаг хугацаа, дадал дүй шаардана. Дадлага болгон өвлийн ургамлыг өвөлд нь, зуныхыг зун нь түүнэ. Зуны ургамлыг цэцэглэх үед цэцгэн эм, боловсрох үед үрэн эм, үндэслэх үед үндсэн эмээ авна даа. Хортой ургамалын хорыг тайлна. Хальс гол хоёрыг авна гэдэг нь хорыг тайлна гэсэн үг шүү дээ. Эмийн ургамалыг хатаах, боловсруулах зааврыг хатуу барина. 

Эмч болоход ойролцоогоор хэдэн жил суралцах вэ? Гэрийн сургалт гэж байсан уу? Эрдмийн цол зэрэг яаж авдаг байсан бэ?

Ер нь юмаа үзэж, танин мэдэж боловсорлоор хориод жилийн дараа сая нэг эмчийн эрх авна. Хүссэн хүн болгон эмч болохгүй. Шүүлэг шалгалт тун хатуу чанд. Эмнэлгийн ном үзэхийг хүссэн хэн боловч оролцож болно л доо. Тэдэн дотроос чухамхүү шалгаран үлдсэн нь л эмч болно гэсэн үг. Ямар нэгэн нүдсэн эм тан юм уу, ургамал үзүүлж, зөв таних эсэхийг шалгана. Нэг л найрлага дутуу хэлбэл мэдээгүйд тооцоно. 

Туршлагатай маарамбууд урьдчилан хүн үзэж онош ялгаад, суралцаж буй хүнээ оруулж ирэн үзүүлэхэд, зөв онош ялгаад, суралцаж буй хүнээ оруулж ирэн үзүүлэхэд, зөв онош тавибал итгэл авна. Иймэрхүү маягаар олон жил шүүнэ, ном хаялцана, тэр бүхнийг давж байж эмч болно. Хэрэв сорилт давахгүй бол манба дацанд хурж, эмчийн талаа дагнан оролцох хэсэг бий. Чойрын номоо үзээд, нэртэй маарамбад шавь орж, гэрээр суралцваас зохих шүүлэг давж л эмч болно. Би бол манба дацанд хураагүй, өөрийн багшийн зарлигийг даган, үзэх ёстой бүхий л номыг туулсан даа. Эмч гэдэг нь одооныхоор бол их эмч болж, хүн эмчлэх бүрэн эрхээ авлаа гэсэн үг. Цаашид арав гаруй жил лавшруулан судалж маарамбын дамжаа барьж байж, эмнэлгийн дээд мэдлэг олж оточ болж байгаа юм. Түүнд хүрэх хүн тун цөөн. 

-Эмч болоход гол үздэг байсан ном судраасаа нэрлэнэ үү? 

Анхан шатны үзэх судар бол "Зажүд", "Шажүд", "Манагжүд", "Чимажүд" гэдэг дөрвөн ном бий. Дараа нь нэмэлт болгон, "Лхантав" хэмээх судрыг судална. Тэгээд л эмч болдог ухаантай. Дээр үзсэнээ дэлбээлж үзэх Далай чойнхор вангийн Лүнрэгдандар ламын бүтээсэн "Ээчин жүч" -ийн дадал, "Лхантав"-ын дадал гээд номууд бий. Халхын Жамбалдорж ламын бүтээсэн "Совард мэдэн" гэж судар бий. Тэнд эмчилгээ заслын аргыг ил тод зурагтайгаар тавьсан байдаг. "Жүдши" бол эрт цагийн "Цожид шону" гэж байсан үеийн анагаан эдгээх ухааны арга засал гэсэн утгатай ном. Одоогоос хоёр мянган жилийн өмнөх болов уу. Энэ номыг төвдийн Ёндонгомбо ламтан бүтээсэн. Уул номд "Хоржимиза" гэж монголын төөнө аргын тухай айлдсан бий. 

Эцэг эхээс эрүүл бие мэндэлдэг. Амьдралын явцад эрүүл мэнд эвдэрдэг болов уу. Монгол эмчилгээ энэ талаар ямар чиг барьдаг вэ?

Хүний эрүүл биеийг суурь болгон авна. Эрүүл мэнд эвдрэн өвчин үүснэ. Өвчин шалтгаан, нөхцөл, өвчин орохын үүд, орших орон, гүйх зам, буцаж урвах, хөдлөх цаг, товч утга, үр таслах гэсэн есөн зүйлээс шалтгаалж үүснэ. Энэ бүхнийг танин мэдэж баймааж өвчнийг оношлон, анагаан тэгшитгэх учиртай.

Та монгол эмнэлгийн оношлогоо, анагаах арга зүйн талаар ярина уу?

Хүний биеийн шинжлэх 38 шинжилгээ, анагаах 98 арга бий. Судсаар шинжлэх: Энэ бол хүний судас барин, эрүүл өвчтэй эсэхийг ялган, ямар зүйл өвчин гүйхийг мэдэрнэ гэсэн үг. Ус үзэж шинжлэх, өвчтөнийг шөнө дунд шээлгэнэ. Энэ үед идээний шээс гарна. Түүнийг шинжлэх болно. Өлөнд өрөм, гуяа /нөсөө/, өөрийн усны өнгө гэсэн зүйл ялгарна. Хүний хэлний өнгөөр хий, шар, бадган гурвын харьцааг ялгана. Өвчтөнөөс асууж шинжилнэ. Эхлээд ямар байсан, хаана өвдсөн, одооны зовиур, биеийн өөрчлөлтийг шалтгаан тунгааж маш хянуур нямбай, итгэл үнэмшил төрүүлэхүйц яаралгүй үзвэл зохино. Монгол эмчилгээнд нууц шинжилгээ гэж бий. Тэр бол эмээр турших болой. Өвчний үндсийг илрүүлэх санаагаар цөөн тооны эм өгч туршаад, өвчнөө танимагц үндсэн эмчилгээндээ орох жишээтэй. Ухаандаа хүний судсыг барин, элэг юм уу, бөөр өвчин үү гэдгийг сэтгэлдээ буулган шинжээд, тэр хүний өөрийн зовиурыг сонсоод, хаана юу өвддөгийг нь нарийн лавлан, дотор руу нь өнгийгөөд, тавьсан оношоо номын заалттай нийлүүлж, бусад шинжилгээний хариуг нэгтгэн ажихуйд чухам ямар өвчин болох нь тодрох жишээтэй. Нэгэнт бөөр хэмээн оношилбол халуун, хүйтний аль нь хурсныг тодорхойлно. Оношоо тавьсан хүн эмээ зөв сонгон өгвөөс зайлбаргүй эдгэнэ шүү дээ. Эм танг найруулахдаа амт, чадал, шингэц гэсэн үндсэн гурван чанарын тэнцвэрийг харгалзан үзнэ.

Монгол эмнэлэгт заасан хий, шар, бадган гурван хэм эвдэрвээс өвчин болно гэдгийн учрыг тайлбарлана уу?

Хий, шар, бадгана гурав хүний биед хамт төрнө. Хүний бие энэ гуравт хувиарлагдана. Хий бол хүний бөгсөн биед оршино. Дур тачаал, түүнийг дагаж хөдлөхийн учир бэлхүүснээс доошид хамраагдах бөгөөд хүнтэй хамт төрөөд амьсгал хураахад дуусах амой. Шар нь биеийн дунд хэсэгт байна. Энэ нь хүний цусанд орших агаад, элэг, өрц, хэвлий даган байршина. Бадгана нь хүний мунхагийг даган цээж тархинд оршино. Нялхас нь бадгана араншинтай. Хүн амьтан идэр болбоос шарын араншинтай. Хөгшрөөд ирэхээрээ хий араншинтай болно. Бадгана, хий, шар гурав хэм чацуу байваас эрүүл гэнэ. Аль нэг нь ихсэх юм уу, багассан тэнцвэр алдвал үүсэх шалтгаан болно. Жаахан тодруулан тайлбарлая. "Лүйсэнжав урнаа наалав" гэснийг утгачилбал: хий хүний биеийн хүч тамирыг тэтгэх агаад толгойн оройд байна гэсэн үг. "Жинжү хий" өвчүүнд оршин уужим саруул амьсгалуулна. "Чавжэд хий" зүрхний амьдралыг тэтгэнэ. "Гал тэгшлэгч хий" ходоодны ёроолд байрлан, идээг доороос нь үлээж боловсруулдаг учиртай. "Уруу арилгагч хий" шингэнийг доош саадгүй гүйлгэж, өтгөнийг боловсруулна. Шарын тухайд бол "Жүжэд" шар гэдэг нь хүний биеийн өнгө зүс царай зүс ялгуум сайхан болно. "Дүвжэд шар" зүрхэнд оршин, үйл бүтээх эр чадлыг өгнө. "Тонжар шар" нүдэнд байна. Түүний араншингаар хүний нүдний гэрэл гэгээ хурц, таньц сайн, мэдрэмж гаргуун байна. "Догсал шар" хүний арьсанд байдаг. Хүний биеийн тослог зөөлөн, аялаг тааламжтай байдлыг нэмэгдүүлнэ. Залуу хүний арьс зөөлөн, гоё сайхан байгаад, өтлөхийн хэрээр ширүүн болж атираа суудгийн учир энэ. "Нонжэд шар" хэлэнд байдаг. Түүний хүчээр идээний амт шимийг ялгах болой. Бадган талыг хэлье. "Дэнжэд бадган" хүний биеийн гоо сайхныг тэгшрүүлэн барина. "Нягжэд бадган" ходоодны аман талд оршин, дээрээс орж ирсэн идээ юмсыг сайтар хэмхчин боловсруулж доошоо өгнө. Тэр идээ доороосоо "Гал тэгшитгэгч хий"-д үлээгдэн "Нягжэд бадган" нэгэнт халуун араншинтай учир тогоонд юм чанах лугаа нэн сайн боловсорч, улмаар тунгалаг, цөв хоёр болон ялгарна. Хүн юмны амтыг ялгахаа байна гэдэг бол хий, шар бадган гурвын хэм алдагдан, хий, шар хоёрын аль нэг нь давамгайлж, бадган орлоно гэсэн үг. Шар хэтэрвэл халуун, хий хэтэрвэл сэрүүн араншинтай болно. Аль нь ч хэтэрсэн үед амт муу мэдэрнэ. Халуун араншин хэтэрсэн үед хоолонд сонирхолгүй болж, бие суларна.

-Та эмийн төрөл зүй, тангийн талаар хэлнэ үү?

Эм тан олон янз төрөлтэй. Танг буцалгаж ууна. Энд нэрлэж тооцоод баршгүй. Тан нь боловсруулалттай, дахин буцалгаж шимийг уух зориулалттай. Шууд уух зорилгоор тодорхой хэмжээгээр боловсруулагдсан зохих найрлагатай бүтээгдэхүүн бол эм юм. Эмийн талаар жаахан тодруулъя. Талх эм даруулж ууна. Үрлэн эм мөн даруулж ууна. Даруулга нь өвчний араншингаас шалтгаалж шөл, цай, буцалсан ус, сүүг халуун, хүйтэн бүлээн гэсэн гурван янзаар хэрэглэж болно. Зуурмаг эмийг халбагадаж ууна. Тосон эмийг чанаж боловсруулна. Энэ нь халуун ба хүйтэн хоёр талтай. Үндсэн эмийг түүж боловсруулна. Архийн эмийг эсгэж хийнэ. Туулга эм өвчнийг доош уруудуулан тууж гаргана. Энэ нь туулаад өнгөрөхдөө хүний биед байгаа халуун, хүйтэн аль ч өвчнийг аваад гардаг. Зажон /судсан туулга/ түүний туусан өвчин эмгэг шээсээр ялгарна. Бөөлжүүлэг дээш нь өвчний хорыг бөөлжүүлж гаргана. Хамрын эм хамарт дусааж амна уулзвараас дээш толгойн өвчнийг анагаана. Жамзи доороос нь шулуун гэдсээр өгдөг. Майдан үүнийг мөн доороос хэрэглэнэ. Одооныхоор бол клизм юм л даа. Тосон заслыг хүний биед түрхэж хэрэглэнэ. Жинг хоёр янзаар тавина. Дэвтээлэг энэ нь рашаанд оруулах эсвэл гарын таван рашаан хийж оруулах гэж байна. Мөн тэрчлэн хануур /төөнө, түрэм, хатгах, цоолох/ гэж бий. Энэ нь бүх эмчилгээнээс аль зохилтойг сонгон авч хэрэглэснээр өвчнийг анагааж, уг үндсийг таслан дахин босохгүй болгоно. Монгол эмнэлгийн эмч хүн эмийг урьдчилан хийж базааж хадгалах дургүй. Өвчтэй хүн эмнэх болохоороо бэлдсэн эмийн зүйлээсээ сонгон жорын дагуу найруулж өгнө. Зарим тохиолдолд өвчтөний биеийн байдал, өвчний араншингаас шалтгаалж, жорын тавицыг бага зэрэг өөрчлөх, хачир тавих тал бий. Энэ бол эмч хувийн эрхийн асуудал.

-Монгол эм танг огт хоргүй хэмээх ойлголт байдаг. Ер нь хортой юу. Хортой бол хорыг тайлах арга зам бий юу?

Монгол эм танг хоргүй гээд зүй бусаар хэрэглэж үл болно. Зайлшгүй оточ, маарамбын заавраар хүртэнэ. Эрдэнийн найрлагатай эмээр буруудсаны хорыг тайлна. Заслын буруудлыг түрэм заслаар арилгана. Монгол эм хордлого үүсгэхгүй нь үнэн талтай. Хортой ургамлын хорыг зориуд боловсруулалтаар номхотгох буюу найрлага дотроо бие биеийн хорыг тайлна. Харин илүүдсэний хор гэж бий. Энэ бол өвчин эдгэсний дараа сайн хэмээн үргэлжлүүлэн шунаж хэрэглэснээс өөр өвчин үүсгэнэ. Хэрэв эмчилгээ дутвал өвчин эдгэрэхгүй, түр номхроод нэг бол эргэж босоод ирнэ, эсвэл өөр өвчин болж зүсээ хувирган гарч ирнэ. Халуун ба хүйтэн араншинтай өвчнийг эс ялган буруу эмнэвээс хортой буруудал болно.

-Төвд монгол эмнэлэг хэр ялгаатай вэ? Манай орны цаг уурын байдал, хүмүүсийн хэрэглэдэг хоол идээний зүйлээс болж эмчилгээний үед ажиглагддаг онцлог зүйл юу байна?

Монгол эмнэлэг бол төвд эмнэлэгтэй холбоотой. Эмийн олонхи ургамал манайд ургадаг боловч нэг хэсгийг нь халуун дулаан урд зүгийн орнуудаас авч хэрэглэнэ. Хуучин засгийн үед гүүш нарыг дуудан ирүүлж эмийн жор зохиолгож байжээ. Энэ бол халуун, хүйтэн уур амьсгалтай хоёр орон бүү хэл, хангай говийн хооронд нутгийн сачаагаар хүний махан бодь өөр байдгаас эмийн жор ялгаатай байхын жишээ мөн. Гэхдээ манай орны дотор бүсийн онцгой өөрчлөлт бага юм. Харин монгол, төвд, өвөр монголын жор бага зэрэг зөрөөтэй тал бий. Монголчууд мах иддэг, халуун оронд жимс ногоо, будаа илүү хэрэглэдэг болохоор махан бодь заавал ялгаатай болно.

-Та хоолны дэглэм сахих талаар зөвлөгөө өгнө үү?

Монголчуудын хоол идээний гол бол мах, цагаан идээ, гурил, будаа шүү дээ. Урьдын хүмүүс өвөл идсэн махны хорыг зун нь цагаан идээгээр тайлдаг байлаа. Хүн эрүүл чийрэг, элэг дотор, ходоодны өвчингүй байхын үүднээс цагаан идээг аль болохоор их хэрэглэвэл зохино. Мах бол шим тэжээл сайтай хоол. Гэхдээ хэмжээг нь тааруулж идэх хэрэгтэй. Түрүүчийн  идсэн хоол шингээгүй байхад хойноос нь нэмж идэх муу. Шингэсэн, шингээгүй хоёр хоол нийлэхдээ харшлах тал бий. Нэгэнт шингээгүй хоол уруудсанаас болж, тунгалаг цөв хоёрын ялгаралтад нөлөөлнө. Тунгалаг нь ялгаран элгэнд очно. Цөв нь тунгалагаас бүрэн ялгараагүй бол муу тунгалаг элгэнд очно. Тунгалаг тэндээ дахин тунгалаг цөв болон шүүгдэн ялгараад ялгарсан тунгалагийн цөв цөсөнд очиж хуримтлагдана. Элэг бол цусны орон. Элгээр шүүгдсэн цус хүний бүх биеэр тарна. Нэгэнт үүссэн дотрын өвчин бусад эрхтэнд нөлөөлж бүхий л өвчнийг үүсгэнэ. Монгол эмнэлгийн хөндлөнгийн заваа буюу машу гэж хоол шингээгүйн хоёр өвчин бий. Иймд хоол идээд шингэсний дараа нөгөөг нь идвэл зохимжтой. Хооллох журмаас яръя. Хүний ходоодны хоёр хувьд хоол өг, нэг хувьд унд өг, нэг хувийг хоосон байлга. Өмнөхийг шингээгээд араас нь мөн тэгж ид. Ингэсэн заалт байгаа. Нэг дор хэрэглэвээс харшлах идээ гэж байна. Ингэсэн заалт байгаа. Нэг дор хэрэглэвээс харшлах идээ гэж байна. Дутуу бүрэлдсэн тараг, нэрмэл архитай харшилна. Загасны мах идээд араас нь сүү уух, сүү ба аливаа модны жимс нэг дор хэрэглэвэл харшилна. Вандуйтай шөл, чихэр, ургамлын тос хоёр, юнгарын тосонд мөөг шарах, тахианы мах идээд исгэлэн сүү уувал харшилна. Зэс саванд тос хийн араваас дээш хоног дарах хортой. Шар тос идээд араас нь хүйтэн ус уух, сүү уугаад исгэлэн зүйл идэх, зөгийн бал ба ургамлын тосны хувь тэнцүү хольц, шараад удаанаар битүү хадгалсан мах харш болно. Энэ журмаа бариагүйгээс дотрын өвчин үүсч болно. Дотрын өвчин үүсэхийн үүд дотрын таван архаг, гадны таван архаг гэж бий. Элэг, уушги, бөөр, зүрх, дэлүү таван өвчин дотрын архаг болно. Усан хаван, суваг хаван, цайвар хаван, мөчинд хүртэл шар ус тарах нь гадны таван архагт хамаарагдана.

- Монгол эмнэлэг нь европ эмнэлгээс хэр ялгаатай вэ? Энэ хоёр эмнэлгийн хэрэглэвэл болох уу?

Эмнэлгийн эцсийн зорилго бол хүний эрүүл мэндийг хамгаалах, түүнийг эвдэрсэн үед сэргээн тохинуулж, цаашид өвчнийг ахиулахгүй явцыг нь зогсоон анагаах явдал юм. Нэгэн эрхэм зорилго агуулсаны хувьд хоёр эмнэлэг хоёулаа чухал. Би бодвоос монгол, европ хоёр эмчилгээг хүч хавсруулан хэрэглэвэл хамгийн дээд болно. Сайн л шинжилж чадвал онош ижил гарна. Орчин үеийн хэрэгслээр шинжилж оношийг тодруулан ямар өвчин болохыг хөдөлгөөнгүй тогтоож, европ эмээр өвчнийг номхотгон, монгол эмээр үрийг тасалбал нэн сайн болох болов уу. Монгол европ хоёр эмчилгээг хооронд нь сөргүүлэн тавих хандлага гаргаж үл болно. Хүнбол нэгэн бодгаль мөн тул нэг эрхтэн өвчилбөөс бусаддаа нөлөөлдөг болохоор өвчний язгуурыг барьж эмчлэх нь гол юм. Өвчний анхны үүсвэрийг олж, түүнээс эхэлж эмчлэхгүйгээр хамгийн хурцадсан цэг дээр цохилт өгч хорыг түр номхотгон дарах юм бол уул өвчин дахин босох муу уршигтай. Арьсан дээр гарсан яр шархны уг үндэс дотор эрхтэнтэй холбоотой тохиолдол цөөнгүй байдаг шүү дээ. Монгол эмнэлэг бол олон гар дамжуулахгүй, анх үзэн онош тавьсан эмч эмээ өгч, эдгэрэлтэд хяналт тавьж, үр дүнг нь үздэгээрээ онцлог бий. 

-Монгол эмийн жорыг баталгаагүй, монгол эмнэлгийн эмчийг хүн эмчлэх эрхгүй мэтээр үздэг өрөөсгөл ойлголт байдаг. Энэ талаар өөрийн саналаа хэлнэ үү?

Олон дахин ном шүүж, ном сударт орсон жорыг орчин үеийн анагаар ухааны сэтгэлгээгээр дахин хянаж батлах гэсний хэрэггүй юм. Сударт орсон жор бол олон зуун жил хүн хэрэглэж, өө сэв нь билүүдэгдсэн, амьдралын сорилт давсан, өвдөж зовсон өч төчнөөн олон үеийн хүнийг эдгээж, хишиг буянаа хайрласан эмнэлгийн шинжлэх ухааны том нээлт юм л даа. Манай өнөөдрийн хэрэглэж байгаа европ эмийн жорыг үр ач маань дараагийн зуунд шинжлэн батлах гэж оролдохгүй л болов уу. Ер нь юм тухайн цагтаа зөв байдаг шүү дээ. Харин монгол эмнэлгийнхээ ариун баялаг өв санг орчин үеийн нөхцөлд баяжуулан хөгжүүлэх нь манай эрин зууны эмч, эм зүйчид, эрдэмтэн мэргэдийн хичээл зүтгэлээс хамаарна. Эмч бэлтгэх талаар би түрүүн ярьсан. Төвд монгол хэл дээр эн чацуу цээжлэн, нарийн учрыг тунгаан судалж, олон дахин шүүлгэж мадаггүй боловсорсон үед нь хүн эмчлэх эрх олгон, эмч болдгоос биш, сорилт шүүлэг даваагүй нь яагаад ч эмч болдоггүй байсан юм. "Эрдэмд оройгүй" хэмээн нөр их хичээл зүтгэл гарган, хувь хүний олж авсан эмчийн эрхийг дараагийн үеийнхэн үгүйсгэж болохгүй болов уу. Эмч хүнд чинь эрдэм мэдлэгээс гадна өвдөж зовсон хэнд ч болов чадахын хирээр туслах тангараг байдаг юм. 

- Манай монгол эмчилгээний сургалтыг яаж явуулбал зохилтой вэ? Төвд хэл дээр байгаа эмнэлгийн ном судар хэр орчуулагдсан байдаг бол. Төвдөөс монгол хэлнээ орчуулах шаардлага байна уу? 

Миний мэдэхээс манайд "Жүдши", "Лхантав" хэмээх анагаахын гүнзгийрүүлсэн сурахын монгол орчуулга бий. Би үзэж байснаа санаж байна. Бас бус номууд байх ёстой. Түүнийг эрдэм шинжилгээнийхэн мэдэх байх аа. Дээр  үед төвдөөс монгол руу орчуулах хандлага хязгаарлагдмал, харин шууд төвд хэл дээр судлан боловсорч байлаа. Энэ нь ч илүү их зүйл мэдэж, сурах бололцоог олгож байсан биз. Өвөрмонголд европ, монгол, хятад гурван эмнэлэг зэрэг хөгжсөн сайхан уламжлал байдаг бололтой. Тэндээс башг залж, хэл нэгтэй тул ном судрыг ашиглаж болно. Голохгүй бол бидний үеийн жаал зугаа гадарлах өвгөд нэлээд байна. Тэдний хүчин зүтгэлийг үнэлэн ашиглаваас нэлээд зүйлийг сэргээж, шинээр хүн сургаж авах боломжтой болов уу. Анагаах ухааны дээд сургуулийн дэргэд монгол эмнэлгийн анги нээх юм уу, монгол эмнэлгийг уг язгуураасаа сонирхдог эмч нарыг урт, богино хугацаагаар дотооддоо ба Өвөрмонгол, Хятад, Энэтхэг явуулан сургаж болох юм. Бие даан гэрээр суралцсан мэргэжлийн хүмүүс байваас энэ үйл хэрэгт зарахад юун буруу байх вэ гэж бодно. Манай Эрүүлийг хамгаалах яам гол асуудлыг төвлөрүүлэн удирдах болов уу гэж санана.

-Та уншигч түмэндээ хандаж юу захиж хэлмээр байна?

Эрхэмийн дээд эрүүлийг хүснэ. Эрүүл байваас өөр эрхэм жаргалан юусан билээ. Аав ээжээс заяасан эрүүл саруул махан бодийг өнөд тэгш, цэвэр ариун байлгаж, өнөр бүлээрээ аз жаргалтай байхыг захина. Би үл зохих, харшлах зүйл хэлсэн аваас түмэн уучлал гуйна.  

 

Дахин төрөхүйн хувь тавилан 1-р боть