Оточ одь

EN MN

Их эмч, магистр, эзотерик судлаач Х.Цэрэндорж: Бид чинь эдгэрэхгүй гэсэн номлолд хэтэрхий баригдчихсан, эдгэхгүй өвчин гэж байхгүй

Нийтэлсэн: 2012/07/15

 - Цэрэндорж эмчээ, манайд уламжлалт анагаах ухаан хэр хөгжиж байгаа вэ?

- Монголд үндсэндээ хос анагаах ухаан байна гэж хэлж болохоор байна. Уламжлалт анагаах ухаан гэж ярьж байгаа боловч уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь байгаад сургалт нь алга. Гэтэл европын чиглэлийн шинжлэх ухааны эмнэлэг, сургууль нь хоёулаа байна. Ингээд харахаар Монгол улс хоёр анагаах ухаантай болчихсон байна.

- Европ анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан хоёр эмчлэх арга барилын хувьд өөр үү?

- Европ анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан хоёр эмчилгээ, арга барилын хувьд нэлээд ялгаатай. Заримдаа эмч нар нь хүртэл нэг нэгнийгээ үгүйсгэх хандлага гардаг. Миний хувийн ойлголтоор бол Монголын уламжлалт анагаах ухаан гэж ярих нь буруу мэт санагддаг. Яагаад гэвэл эрт дээр үеэс Монголын уламжлалт анагаах ухаан гэж судар бичгүүдэд тэмдэглэгдсэн зүйл байдаггүй. Энэ бол 1921 оноос хойш тасраад байсан уламжлалт анагаах аргыг дахин хэрэглэхдээ гаргасан нэр томьёо.

-Тэгвэл яаж нэрлэх ёстой гэж?

-Одоо бидний уламжлалт гэж нэр­лээд байгаа анагаах ухааныг Монголын уламжлалт тэжээхүйн ухаан гэдэг байсан. Тэжээхүйн ухаан нь дор­нын 10 их ухааны нэг нь юм. 10 их ухааны нэгээр нь монголчууд өвчингүй амьд­рах, өвдвөл бүрэн гүйцэд эдгээх аргыг ард түмэндээ хүргэж байсан байна.

-Тэгвэл өнөөгийн манай уламжлалт анагаах ухаан гээд байгаа нь тэжээхүйн их ухаан мөн үү?

-Өнөөдрийн бидний уламжлалт анагаах ухаан гээд байгаа нь Тэжээхүйн их ухааны зөвхөн анагаах аргыг аваад хэрэглэж байна. Тэжээхүйн ухаан, анагаах ухаан гэсэн нэрийг нь аваад үзсэн ч хоёр өөр утгыг илэрхийлж байгаа биз дээ. Анагаах гэдэг нь өвдвөл эдгээнэ гэсэн үг. Тэгвэл өвчингүй хүнийг яах вэ. Тэжээхүйн ухаанаар тэтгэнэ.

 - Тэгвэл тэжээхүйн ухаан гэдгийг яг юу гэж ойлгох вэ?

- Тэжээхүйн ухаан гэдгийг зүгээр л хар ухаанаар ойлгоход,

-Хоол ундаар эрүүл орших,

-Агаараар амьсгалаар эрүүл байх,

-Тэнгэр огторгуй, газар дэлхий, нар сарны эрчим долгионоор амьдрах юм.

Тэжээхүй ухаан нь арваад ертөнцтэй харилцаж байгаа. Энэ арга зүйг,

-Эрүүл оршиход,

-Эрүүл аж төрөхөд,

-Амгалан тайван аж төрөхөд,

-Ухаалаг гэгээлэг аж төрөхөд хэрэглэдэг байсан.

Өвдөхөд эдгээж байгаа нь уламжлалт анагаах арга. Тэгвэл тэжээхүй ухааны уламжлалт анагаах аргыг нь авчихаад Монголын уламжлалт анагаах ухаан гэж ярьж байгаа нь тэжээхүй ухаан гэдэг уламжлалт нэр томьёо нь алдагдаад өнөөдрийн анагаах ухаан ерөөсөө дүрсийг эмчилдэг болчихож. Гэтэл хүнийг эмчлэхийн тулд,

-Ухаан,

-Сэтгэл,

-Дотоод хий эргэлт... гурвыг юуны түрүүнд эмчлэх хэрэгтэй. Тэр битгий хэл хүний гадаад амин орон (аура) -г нь ч бас эмчлэх хэрэгтэй. Монголчууд хүний халуун суудал дээр суудаггүй. Хэрэв тэр өвчтэй хүн байвал тэр өвчний орон зай нэг хэсэг хугацаанд үлддэг. Хар буруу санаатай хүн байвал тэр хар буруу санаа нь нэг хэсэг хугацаанд байдаг гэдэг. Үүнийг цианитийн үзэгдэл гээд шинжлэх ухааныхан ярьж байна. Навчсыг тасдаад хаячихвал цаана нь навч үлдчихдэг. Үүнтэй адилхан хүн сандал дээр сууж байгаад гарахад бодол сэтгэлийн орон зай нь бас тэндээ үлдчихдэг.

- Ингэж ойлгосноор өнөөгийн анагаах ухаан, эмч нарын сэт-гэлгээнд ямар өөрчлөлт гарах вэ?

- Ингэж ойлговол эмч нарын сэтгэлгээнд том өөрчлөлт гарах ёстой. Өнөөдрийн эмч нар европын арга зүйн эмчилгээг голлож байна. Шинжлэх ухаан хөгжиж одоо хүний биеийг чагнах хэрэг бараг байхгүй болчихож, тэмтрэх ч хэрэггүй болчихож. Ерөнхийдөө аппаратаар уншиж оношилж байна. Гэтэл машинд сэтгэлгээ гэж байдаггүй шүү дээ. Эндээс арга билгийн ялгаатай тал нь харагдана.

- Тэгвэл бидэнд өвчнөөсөө урьтаж эмчлэх ёстой өөр зүйл байна гэсэн үг үү?

- Хүн гэдэг сэтгэлгээтэй, бас оюун ухаантай. Тийм учраас өвдсөн биеэ эмчлүүлэхээс илүүтэйгээр өвдсөн сэтгэлгээ, өвдсөн оюун ухаанаа засуулах эрхтэй. Өнөөдрийн манай эмч нар үүнээс дэндүү хөндийрчихэж. Аппаратаар оношилж, тохирох  эмчилгээг нь бичээд өгчихдөг болж. Тийм учраас эмч, хүн хоёрын завсарт тийм төмөр орон зай бий болгочихлоо. Үүнээс салах ёстой. Тэр компьютер, тэр төрөл бүрийн багаж төхөөрөмжүүд чинь эмчийн гарын дор бэлэн байж байх ёстой багаж болохоос өвчтөн эмч хоёрын завсар зогсчихоод хүйтэн хөндий харьцаа үүсгэх зүйл биш юм. Энэ бол анагаах ухааны зорилго бараг биш. Шинжлэх ухааны зорилгыг анагаах ухаан хэрэглэх ёстой болохоос шинжлэх ухааны ололтонд анагаах ухаан дарагдаж булагдах ёсгүй юм.

-Та тэжээхүйн ухааны талаар дэлгэрэнгүй хэлэхгүй юу?

- Бид, дээд эрүүл мэнд гэсэн ийм асуудал дэвшүүлээд анагаах ухааны эрдэмтэд, эмч нартайгаа са­нал бодлоо хуваалцаад явж байна. Тэд ч үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүний биеийг нь эмчилье, ухааныг эмчилье, сэтгэлийг эмчилье, гарын алгыг эмчилье, дотоодын хий эргэлтийг эмчилье. Болдог юм бол сүнсийг нь ч бас эмчилье гэсэн асуудлын бид дэвшүүлж байгаа юм. Үүнийг тэжээхүйн ухааны өнөөдрийн хувилбар гэж ойлгож байна.

- Та бүхний дэвшүүлсэн асуудлыг эмч нар хэр хүлээн авч байгаа вэ?

- Үүнийг хүлээж авах, авахгүй гэдэг бол хувь хүний л асуудал. Яагаад гэвэл хүлээж авах эсэх нь тэр эмчийн хувийн асуудал бөгөөд тэр хүний мэдлэг боловсролын түвшний хязгаарлалтаас болж байгаа болохоос биш байгаа юмыг хүлээн зөвшөөрөх үү үгүй юу гэдэг нь чухал биш. Тэгэхээр эмч нарын сэтгэлгээ дээд эрүүл мэндийн түвшингийн хэмжээнд юмуу, уламжлалын ёсоор бол тэжээхуйн ухааны эмнэл зүйн түвшний хэмжээнд хүртэл өөрчлөлт гарах ёстой. Ингэхгүйгээр өвчтэй хүнд хандах хандлага хэт хүйтэн хөндий, тийм нэг багаж төхөөрөмжлөг болоод төмөрлөг маягтай болчихсон. Гэтэл хүн тийм юм хүсдэггүй. Хүн сэтгэл зүрхийг л эмчээс хүсдэг. Дээд эрүүл мэнд буюу тэжээхүйн ухааны үүднээс монголын уламжлалт гүн ухааны давуу байдлаар ажиглах юм бол эдгэрэхгүй өвчин гэж байхгүй. Үүнд ганц жишээ хэлье. Хүн бүхэнтэй санал хуваалцах дуртай Монголын гүн их ухаантан Занын Улаанбалдан гэдэг хүн ингэж бичсэн байх юмаа. “Нөхцөл шалтгаан бүрэлдэж буй болсон бүхэн мөнх бусын шалтгаан бүрэлдэхэд арилж буй болно” Орчлон ертөнцийн тогтцын тухай тэр гүн ухаантан ийм гайхамшигтай бичсэн.

 - Эдгэхгүй өвчин гэж байхгүй гэдэгт та итгэлтэй байна уу?

- Өнөөдөр бид нар үүнийг анагаах ухаантай хэлэлцэхэд бэлэн. Эдгэхгүй өвчин байхгүй. Тухайн өвчин нөхцөл шалтгаан бүрэлдээд бий болчихдог. Гэхдээ тэр өвчний арилгах нөхцөл шалтгааныг бид үйлдвэрлэх хэрэгтэй, өвчин эдгэрэх нөхцөл шалтгааныг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ онолын үүднээс хорт хавдар эдгэж байх ёстой.

-Энэ талаар та бүхэн онолын болон эрдэм шинжилгээний бага хурал хийсэн гэсэн байх аа?

- Бид нэг удаа онолын болон эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Тэнд ирсэн 152 хүний дунд судалгаа явуулахад 61.5 хувь нь эдгэрэлттэй байсан. Эдгэрсэн хүн гэж ямар хүнийг хэлж байсан гэхлээр 3 жилээс 20 жил (тэр үед 20 жил байсан) өвчин зовлон нь арилчихаад аж төрж байгаа хүнийг эдгэрсэнд тооцсон. Тэгээд тэр хурал дээр тэр илтгэлийг тавьсан. Олон эмч нар, эрдэмтэн докторууд суусан.  Ма­най нэртэй эрдэмтэд ч суусан. Тэр хүмүүс санал бодлоо солилцсон. Бид чинь хорт хавдрын тухай “Энэ бол эдгэрдэггүй өвчин юмаа” гэж өвчтөндөө хэлдэг, “Ер нь эдгэрэхгүй шүү дээ” гэсэн номыг л сонсож байсан. Харин одоо бол энэ ойлголтонд өөрчлөлт гарч байна гэдгийг л хэлсэн. Тэр бидний илтгэлд орж байсан хорт хавдартай хүмүүсийн яг 36 хүний материал бүрэн байсан. Тэр материалаар нь илтгэл тавьсан. Зарим эмч нар итгэхгүй янз бүрийн юм асууж л байсан. Тэдний тавьсан асуултанд би ингэж харуилсан. “Бүгдээрээ биш байсан байж болноо. Гэхдээ илтгэлд орж байгаа 36 хүний нэг ч хүнийг хавдартай байна гэж би оношлоогүй, манай Баатар ч оношлоогүй, бид оношлоогүй юм шүү. Манай хавдар судлалын төвд 29 нь хорт хавдартай гээд оношлогдоод ирсэн байсан. Нөгөө үлдсэн долоогийн нэг нь Бээжинд, гурав  нь Хөх хотод,  хоёр нь Токиод, ганцхан хүн нь Хавдар судлалын төвөөс гадуур оношлогдсон тэр нь нэгдсэн 3-р эмнэлэгт оношлогдсон хүн байсан.

 - Илтгэл тавихад олон эмч эрдэмтэд оролцсон уу?

- 200-гаад эмч эрдэмтэд байсан. 200 нь биш гэхэд 50 нь үлдээд  материалтай танилцсан. Үнэхээр хорт хавдартай гээд ЭХО-гийн онош байсан. Гэтэл  одоо алга болчихсон. Тэгээд ЭХО- ны эмчдээ харуулсан чинь тэр эмч нь ”Нээрээ байсан юм даа, одоо алга болчихож” Та яачихав?” гэж өвчтнөөсөө асууж байсан.

- Нэг хэсэг хорт хавдартай л бол ганц хоёрхон сарын настай, эмчилгээгүй, найдваргүй л гэдэг байсан биз дээ?

- Үнэхээр эмчлэх, эмчлэгдэх тохиол мэдээлэл байсаар байтал үхнэ үхнэ гээд гаргаад байх чинь арай хэрцгийдүү хандаж байгаа хэрэг. Эсвэл “Эдгэрэхгүй” гэсэн номлолд хэтэрхий баригдчихсан байж. “Та эдгэхгүй” гэж гаргахын оронд эдгэх аргыг өвчтөнтэйгээ цуг хайж байгаад алдчихаад харуусаж байгаа эмчийг би жинхэнэ эмч гэж хэлнэ.

- Хүн ер нь яахаараа өвдөж байна?

- Хүний өвчний тухай анагаах ухааны энэ ойлголтыг эмхэтгэх хэрэгтэй. Монголын уламжлалт тэжээхүй ухааны онолын үүднээс хандах ёстой. Дорнын тарни бясалгалын гүн ухаанд, “Чамайг төрөхөөс өмнө хэдэн зуун жилийн өмнө чиний өвчин бэлтгэгдчихээд чамайг хүлээж байсан юм. Чи ээж ааваараа өлгийдүүлж авсан гэж бодож байгаа байх. Өвчин чинь чамайг цуг өлгийдөж авсан” гэж бичсэн байдаг юм... Үүнийг үйлдвэрийн орон гэж хэлж байгаа юм.

-Үйлийн үрийн орон гэж чухам юу юм бэ?

- Үйлийн үрийн орон гэж яг юу юм бэ гэхээр, миний ээж аавын тэрний эмээ өвөөгийн элэнц хуланцын нүгэл хилэнцүүдийн орон зай манай үе удмыг дагаад хадгалагдаж байдаг. Өнөөдөр чинь энилоги буюу мэдээлэл судлах шинжлэх ухаан гарч ирээд, “Мэдээлэл орон зайд юм хадгалагддаг” гээд батлагдчихсан шүү дээ. Тэгэхлээр тэр өвчний тухай мэдээлэл, тухайлбал ходоодны хавдар гэж байдаг ч юм уу үе дамжин хадгалагдаад 2-3 үеэрээ үхчихсэн байдаг. Энэ бол  манай удам ингэдэг гээд мэдээлэл үлдчихсэн байгаа хэрэг. Төрсөн хүүхэд нь тэр мэдээллийн орон зайд төрнө. Тэгэхээр төрөөгүй хүүхдийн өвчнийг ээж аав нар нь бэлдчихсэн байдаг юм байна. Энэ бол маш сонирхолтой бөгөөд энилоги шинжлэх ухаан үүнийг баталчихжээ

- Тэгвэл тухайн өвчин хүнийг өвчлөхөөс нь өмнө биед нь шургалчихсан байдаг гэж ойлгож болох уу?

- Өвчин хүний биед тархахаасаа 5-10 жилийн өмнө гадаад амин орон (аура)-д шургачихдаг. Хүний гадуур  байгаа амин орныг янз бүрээр бичиж байгаа. 20-30 см-аас 2-3 метр хүртэл тийм орон зайг хүртэл бичдэг. Тэр орон зайг гэмтээчихдэг байхгүй юу. Ингээд  5-10 жилийн дараагаар нөгөө эрхтэн нь жинхэнэ өвдөж эхэлдэг. Жишээ нь бөөрний өвчтэй хүн зуны халуун дулаан цагт 7-н сард ирээд үзүүлэхдээ хөвөнтэй юмуу тарваганы бүслэвчтэй ирж байсан. “Та яагаад ингэж явж байгаа юм бэ?” гэхээр “Юу гэсэн үг вэ, энэгүй бол миний 2 бөөр аваад тавьчихсан юм шиг даардаг “гэж байсан. Энэ нь өнөөх гадаад амин орон буюу аура нь цоорчихсон гэсэн үг. Тэгээд тухайн хүн  амьдралын туршлага зөнгөөрөө түүнийг дулаалж байна.

- Тэгэхлээр 5-10 жилийн өмнө өвчин бий болчихдог гэж ойлгож болох нь ээ?

- Эхлээд өвчин бий болдоггүй молекул бий болдог. Молекулын өөрчлөлт нь эсэнд орж ирдэг . Тэгээд тэр нь хэдэн сар хэдэн жил эсэд бий болоод эдэд өөрчлөлт өгдөг. Гэтэл манай анагаах ухаан тэртээ хойно оршиж байна шүү дээ. 

- Тэгвэл хүний биед тухайн өвчний мэдээлэл агуулсан молекулууд явж байна гэсэн үг үү?

- Тиймээ. Тухайн өвчний мэдээлэл агуулсан молекулууд биед явж байна гэсэн үг. Тухайлбал хорт хавдрын мэдээлэл агуулсан молекул цусаар эргээд биед явж байтал тэр бие дотор элэгний ч юм уу, ходоодны эсүүдийн өвчилсөн хэсэг нь түүнийг дуулгавартай хүлээж авдаг. Тэгээд тэр эсүүд өөрчлөгдөөд тэнд хавдрын эс бий болдог. Тийм учраас молекулярны түвшинд өнөөдөр онош тавих тухай шижлэх ухаан ярьж байна. Дараагаар нь тэр орон зайн түвшинд, тэр гадаад амин орон (аура)-ны түвшинд, тэр дорнын гүн ухаан тарнийн түвшинд оношны асуудлууд дэвшигдэж байна шүү дээ.

-Өнөөдөр манай эмнэлэг хорт хавдрыг хэдий үед нь илрүүлж байгаа вэ?

- Өнөөдрийн манай эмч нар зангидсан гарын дайтай том хавдрын тухай л яриад байна шүү дээ. Бид нар маш их хоцорч байнаа. Тийм учраас эмч нар маань сэтгэлгээгээ өөрчилж, дорны мэргэн гүн ухааныхаа агуу уламжлалыг, өнөөдрийн шинжлэх ухааны гайхамшигтай багаж төхөөрөмжтэй нь хамт судлах хэрэгтэй байна гэж би бодож ойлгож явдаг. Энэ талаар мэргэжил нэгт нөхөдтэйгээ, эмч нартайгаа санал бодлоо хуваалцаж байгаа. Миний дэвшүүлж буй энэ асуудал дотор алдаа оноо байхыг би үгүйсгэхгүй. Өвчний оношлогооны тухай авмаар юм байгаа гэж бодоод л энэ бүхнийг хийж байна даа.

- Далд ухамсар, дотоод ухамсар гэж юуг хэлээд байгаа юм бэ?

- Ухамсар гэж нэг мундаг юм байна, ухаан гэж мундаг байгаа. Тэр оюун ухаанаар юм бүтээж дэлхийн түвшинд хүрсэн том эрдэмтэд олон байна. Гэхдээ монголчууд мундаг шүү дээ. Хүн амандаа хоол хийгээд зажилж байгаад залгина. Тэгээд тэрнээс цааш тэр хоол бидний мэдлээс гарчихаж байгаа юм. Өөх, давс, мах, минерал, витамин нь хаашаа очиж байгааг бид мэдэхгүй. Мэдсэн ч буруу, зөв хоёрын аль нь болохыг ч бид мэдэхгүй шүү дээ.  “Хөөе чи өөхөө буруу газар байрлуулж байна” гэж бид хэлж өөрийн дотоод биеэ захирч чадахгүй. Гэтэл үүнтэй холбоотойгоор өрнө­дийн эрдэмтэд дотоод ухамсар, далд ухамсар гэж ярьж бичиж байна. Энэ бол сүнс юм шүү дээ. 

- Хүний өвчнийг эмчлэхийн тулд сүнстэй харьцах хэрэг үү?  

- Бид сүнстэйгээ харьцах хэрэгтэй. Ялангуяа эмч нар. Өнөөдөр бөө нар онгодоо дуудаад сүнстэй харьцаж байна. Тэгвэл эмч нар бөө нар шиг агуу харьцахаа байя гэхэд, ядаж л өвчтэй хүнд хүнлэг хандах хэрэгтэй. Хүнд хүнлэг чанар гэж байдгийг хүний зүрх мэдэрдэг юм. Хүний зүрх бидний ухамсарыг, бидний яриаг, миний болон таны үгийг хүлээж авдаг юм шүү дээ. Үүнийг мэдэх, мэдрэх хэрэгтэй.

-Тэгэхээр хүний зүрх тархи шигээ бас сэтгэдэг хэрэг үү?

-Үүнийг хүлээн зөвшөөрөх эсэх дээр эргэлзэх юм байхгүй. Хүний зүрхэнд тархиныхтай  адил сэтгэдэг эс байна гэж АНУ-ын эрдэм­тэд олж тогтоогоод байна. Тэр бүү хэл, ийм сэтгэдэг эс 40000 ширхэг байна гээд тоог нь гаргачихаж. Ийм агуу юмыг өнөөгийн шинжлэх ухаан гаргачихаад байна шүү дээ. Гэтэл монголчууд бид компь­ютерийн дор, эндископийн дор, дуран авиан дор мөргөөд техни­кийг шүтэн бишрээд л явж байна.

-Техникийг хэт шүтэх нь буруу юу?

- Буруу. Эмч хүн, хүнийг эмчлэхийн тулд эхлээд сэтгэлийг нь эмчлэх хэрэгтэй. Тэгээд цааш нь дамжаад зүрхэнд нь мэдээлэл өгч, далд ухамсрыг нь эмчлэх ёстой. Өнөөдрийн анагаах ухаан бол гайхамшигтай шинжлэх ухаан гэдгийг би нотолж чадна. Гэхдээ мэдээллийн эмчилгээг орхигдуулж болохгүй.

- Мэдээллийн эмчилгээ гэж яг юу вэ?

-Мэдээл­лийн эм­чил­гээ гэдэг бол бүх эм­чилгээний суурь эмчилгээ нь юм. Жишээ нь гаднаас ханиадтай хүн ороод ирэхэд “Та зүгээр болно. Эхлээд хамраа угаачих. Дараа нь амаа зайлчих” гэх мэтээр өвчтөнд түргэн эдгэж зүгээр болох томьёололыг эмч хүн өвчтнийхөө ухамсарт суулгаж өгч сурах хэрэгтэй. Хэрэв эмч хүн энэ мэдээллийн эмчилгээний аргыг сурчих юм бол маш том амжилт юм. Тийм аргыг сураагүй бол хичнээн сайн эмч байгаад нэмэргүй.

-Манай улсын анагаах ухаан эмч бэлдэж байгаа сургалтын дутагдалтай тал нь юу вэ?

- Би түрүүнд хэлсэн шүү дээ. Манай анагаах ухаан зөвхөн эмчлэх аргыг нь заадаг. Уг нь бол арга билгийг хослуулах ёстой юм. Өвчтөнд сэтгэлийн дэм өгөхгүйгээр, түүнд хүнлэг сэтгэлээр хандахгүйгээр, ухамсарт нь зөв нөлөөлөхгүйгээр өвчнөөс нь салгаж эдгэрүүлж чадахгүй. Ядаж л “Та эдгэнээ” гэж хэлдэг байх нь хүнлэг хандаж буйн том илрэл юм шүү дээ.

-Монголын тэжээхуй ухааны эмч нар бүгд сэтгэл зүйч байсан уу?

-Шинжлэх ухаан гараагүй байсан тэр үед олигтойхон эмч бүхэн зурхайч байсан. Лув­санзанданжанцан, Лув­сан­чойдог, Лувсан­пэрэн­лэй, Дармаа маарамба Лувсан­чойдог, Ишбалжир, манай багш гээд. Миний дээд үеийн найман багш маань наймуулаа зурхайч байсан. Хамгийн сүүлийн зурхайч багш маань Одь багш маань юм.

-Тэгвэл орчин цагийн эмч нар зурхай мэддэг байх ёстой гэсэн үг үү?

- Энэ ертөнцийн давтамж, од гаригийн давтамж, хүний өөрийн амин давтамжийг мэдэхгүйгээр хүн эмчилнэ гэдэг шал худлаа зүйл. Жишээ нь сарны давтамж, оддын давтамжийг мэдэж байж 24 од 12 ордны зурхай гарч ирж байна. Тэгвэл хүний давтамжийг мэдэх амин зурхай ч гэж бий. Энэ зурхайг мэддэг Ишбалжир, Лувсанпэрэнлэй нар бүгд л агуу их эмч багш нар байсан. Юу ч мэддэггүй хүмүүс жороо бичиж өөрийнхөө амьдрах аргыг олдог бол нөгөөдүүл нь од гаригийн зурхай дээр тулгуурлан урьтаж тэр хүний өвчнийг оношилж байсан байна шүү дээ.

-Өнөөдрийн анаагаах ухааны сургалтын талаар сэтгэгдлээ ярихгүй юу?

-Би анагаах ухааны сургуулиа шүүмжлэхгүй ээ. Намайг өлгийдөж авсан сургууль. Хүн эмнэлгийн техникумд анагаах ухааныг сурсан Монголын гай­хамшигтай эрдэмтэн шавь нарын нэг нь би. Миний ойлголтоор бол ямар ч байсан анагаах ухааны сургуульд хүний билгэдлийн талыг заах болчихож. Ертөнцийн бүх юм арга билгээс тогтдог. Хүний билгэ чанарын тухай өнөөдөр барууны хэвлэлүүдэд их бичиж байна. Хүний оюунлаг тал, хүмүүнлэг чанарын тухай судалсан барьсан том юм бидэнд байхгүй.

-Хүнд хэдэн билгэ чанар байдаг вэ?

-Хүнд хэд хэдэн бүлэг билгэ чанар байдаг. Үүнд,

Нэг: Дүрслэж дульдуйдсан билгэ чанар гэж байна. Өөрөөр хэлбэл дүрс бүхэн өөртөө билгэ чанартай гэсэн үг. Тухайлбал: Биеийн гадуур амин орон байдаг.  Энэ бол билгэ чанар. Мөн эрхтний гадуур, эсийн гадуур, эдийн гадуур амин орон байна. Молекулын гадуур, атом электрон бөөмсийн гадуур ч амин орон байна. Энэ нь дүрсийг билгэдэж байгаа юм.

Хоёр: Хийн билгэ чанар гэж гайхамшигтай зүйл бий. Энэ нь юу вэ гэхлээр, дорно дахины бясалгалын хүрднүүд гэж байдаг. Тэр хүрдийг засаад хүний өвчнийг эмчилж байна. Энэ тухай заах аргыг тарни бясалгалын ном маш нарийн бичсэн байдаг.

Гурав:  Өнгөрсөн цагт баригдсан билгэ чанар гэж байна. Ээж аавын өвчин удамшдаг гэж бид ярьдаг. Тэр орон зайд мэдээлэл үлдээчихсэн билгэ чанар юм.

Дөрөв: Гадагш шүтэн баригдсан билгэ чанар гэж бий.  Саранд шүтэн баригдсан билгэ чанар нь аргын зурхайг хэлж байна. Мөн одонд баригдсан билгэ чанар, бурханлагт баригдсан билгэ чанар гэж байна.

-Орчин үеийн эмч нар одоо юуг эзэмших ёстой гэж та үздэг вэ?

- Миний бодлоор гурван юм эзэмших хэрэгтэй.

Нэгдүгээрт: Дээдийн бурханлаг нигүүлсэнгүй сэтгэлийг эзэмших. Үүнийг эзэмшихгүй бол эмчийн ажил битгий хий. Тэр хүн өөр ямар ч шинжлэх ухааны салбарт ажиллаж болно. Эмч багш хоёр бурханлаг дээдийн сэтгэлийг эзэмшихгүй л юм бол хэрэггүй.

Хоёрдугаарт: Мэргэжлээ цогц бүрэн байдлаар нь, төгс анагаах ухааны ойлголтоор дээд эрүүл мэндийн түвшний мэдлэгээр эзэмш. Ганцхан биеийг нь битгий судал. Ганцхан сэтгэлийг нь битгий судал.  Ганцхан сувилалын эрдэм гэж байдаггүй. Байхгүй юмны завсраар битгий яв. Гурвууланг нь нэгтгээд төгс төгөлдөрөөр ухаж ойлгохыг бод. Энэ нь мэргэжлээ зөв эзэмших арга юм. 

Гуравдугаарт: Компьютер бусад дуран авиан аргын судалгаануудыг хамтад нь эзэмших хэрэгтэй.  Энэ талаар манай эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн их сургууль туйлын анхаарч байгаа байх. Харин дорно дахины уламжлалын гүн ухааны тарни бясалгалын билгэдлийн талыг орхиод байгаа. Тэр нь эд нарын буруу биш. Угаасаа арга зүйн сургалтаар явчихсан хүмүүс шүү дээ.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан Д.Бадрангуй "Хань" сонин