Оточ одь

EN MN

Зөв амьсгал

Нийтэлсэн: 2012/05/03

Хэвлийн доод дунд, дээд, хавирганы хормойн, цээжний,эгэм хүзүүний амьсгалын долоон бүслүүрийг мэдэж мэдэрч тус тусаар амьсгал авч гаргаж сур.

Хэвлийн амьсгалыг нөхцөлдүүлэгч гол эрхтэн нь өрц юм. Өрцний хөдөлгөөн эрчимтэй байвал элэг цөс ходоод бөөр, ходоодны доод булчирхайг шахаж татаж, эс эдийнх нь цэвэрших нөхцөлийг бүрдүүлдэг.

Доод хөндийн хураагуур судасны цусны урсгалыг түргэсгэж зүрхний сорох үйлд туслаж цусны эргэлтийг эрчимжүүлнэ. Хөндий эрхтнүүдийг гаднаас нь дарж шахаж булчингийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, булчирхайн шүүрэл ялгаралтыг нэмэгдүүлнэ. 5 цул, 6 сав эрхтний эсийн цэвэршилтийг сайжруулна. Өрцний доошлох хөдөлгөөн ихсэх тусам уушигны доод хэсгийн агааржил нэмэгдэнэ. Өрцний доошлолт 13см хүрэхэд уушигны хормой 100 хувь агааржина.

Дээд хэсэг 40-50 хувь агааржина. Үлдсэн хэсгийг хавирга, цээж, эгэм, хүзүүний хүрээгээр агааржуулах нь тодорхой. Зөв түргэн амьсгал дотоод шүүрлийн булчирхайн ажиллагааг идэвхижүүлж бодисын солилцооны хямарлыг засна. Бүрэн амьсгал нь гавал тархины доторх цус шингэний урсгалыг тэгшитгэдэг. Энэ нь тархины даралт ой ухаан сулрах өвчнөөс сэргийлэх арга юм.

 Дасгалд бэлтгэх

  • Гурван завилгааны аль боломжтойгоороо суу. Хэрэв эрүүл мэндийн байдлаас болоод завлиж суух боломжгүй бол өөртөө таатай байдлаараа суугаарай.
  • Хамар, давсаг, шулуун гэдсээ хоосолж хөнгөлсөн бай.
  • Дасгалд хүрэлцээтэй цагтаа бай.
  • Өрөөндөө цэвэр агаар оруул, эсвэл хээр талд, овоон дээр, урсгал ус голын дэргэд ой мод модон дотор хийвэл бүр сайн.

Анхаарч хийх зүйл

  • Эхлээд хэвлийн гурван (Доод,дунд, дээд) хүрээгээр амьсгал авч гаргаж сур.
  • Хавирганы хормой цээж, эгэм, хүзүүний хүрээгээр амьсгал авч гаргаж сур
  • Амьсгалын энэ долоон хүрээгээр амьсгал авч гаргаж сурсны дараа бүрэн амьсгал авч гарга.
  • Амьсгал авалт аажим жигд тасралтгүй үргэжилсээр маш гүнзгий ав.
  • Амьсгалаа бүрэн авсны дараа түр түгж
  • Амьсгал гаргахдаа авснаасаа аажуу тасралтгүй гаргаснаар уушигаа гүйцэт хоосло. Хов хоосонд нь түр түгж.
  • Агаарын оролт гаралтын замыг сайн мэдрэхийг хичээ. Уушигны аль хэсэг агааржиж байгааг анзаарч болгоо.
  • Амьсгалаар эрүүл мэндээ бэхжүүлэх, төгс эдгэрэх арга нь монголын уламжлал тэжээхүй ухаан тарнийн анагаах ёсон монгол ахуйд байсан зүйл шүү.
  • 32 модон хул, 32 цагаан лонх тоолох ширтэлцэх зэрэг хүүхдийн амьсгалын эрхтнийг бэхжүүлэх аргыг тоглоомын хэлбэрт оруулан ашигласан байдаг.

"Дээд эрүүл мэнд" номоос