Оточ одь

EN MN

Гурван зул цэцэг-Би чамд мэдэх бүхнээ зааж, чи сурч дууссан. Багшийнхан нь ном гүйцсэн

Нийтэлсэн: 2011/12/20

Норов  хан уулын бэлд бууж морио хантайруулан сойж тушлаа. Туулын бэлээд өгсөж нэлээд дээр гарч явтал, далд оддын гэрэл туяа шингэсэн байлтай хэлж үл болох нэгэн өнгөт, хэлж тоочиж болмоор түмэн гэрэл хоршмол мөсөн зул, цасан зул, усан зул цэцгийн навч нахиа яг л хүүхдийн гар шиг булбрайхан харагдлаа. Ер нь энэ чинь цэцэг навч дэлбээ бус бурхадын мутар хэмээвээс илүү зохистой. Гурван зул цэцгийн цомирлог бүхэн нар сарны тэртээ, алс чандад орших оюуны мандлаас бууж ирэх ариусал гэгээрлийн долгисыг тосон тэнийжээ. Усан зулын шүүдэр танан цагаан,цасан зулынх алтан шаргал, мөсөн зулынх шүрэн улаан ажээ. Гурван зул цэцгийг газраас ургаж гараагүй, тэнгэрээс бууж суусанд хэн ч үл эргэлзэнэ. Цэцэг ход ход инээлдэн дэгж дэрвэн урдаас гүйлдэх шиг болоход нь би өөрийн эрхгүй Норов хан минь гэж дуу алдан залбирлаа.

    Ганцхан ууланд ургадаг Гурван зул цэцгийн танан, алтан шүрэн өнгөт шүүдрийг үүрийн харанхуйгаас эхлэн түүх учиртай. Эцэст нь уулс шар малгай өмсхүй зуун нялх цэцгийн усан шүүдрээр шингэлэн дуусгах ёстой.

     Би ажилдаа орлоо. Нэг хоёр гурав, арав, зуу, хоёр зуу...найм есөн зуу мянга дахь шүүдрийг авах үеэс би Норов хан уулын оройд гарчээ. Уулс нь шар малгайлчихсан зуун нялх цэцгийн усан дуслыг хөөргөнд унах тоолон хөөрөг хөрч гар хайрч сүүлдээ тэсхүйеэ бэрх болоход би ханцуйгаараа жийргэллээ. Ерин ес, зуун хөөрөг дүүрчээ. Хөөргөө хадгаар бөмбийтөл ороогоод өвөртөллөө. Дөрөө авангуут л багшийнхаадаа ухасхийлээ. Гэрт оронгуут хөөргөө гаргаж багшдаа хоёр гардан барилаа. Багш минь хуучин бөрөнхий хулсан савар шиг урт хуруутай туранхай гараа тосон авангуутаа

-Яг мөн байна. Гар долоож байгаа нь... Алив пяланд сүү хийгээд аль гэлээ.

-Хөөргөө пялтай сүүн дунд тавих зуураа,

Та нар нүдтэй улс харцгаа гэж байна. Бид ч сонирхон ширтлээ. Хөөрөгний ёроолоос зүг зүгээдээ зуун талст гялалзан тэлсээр сүү хөлдчихлөө. Тулган дээр саяхан нэрсэн цагаа даргилж, хүмүүс хөлөрч халууцсан зуны дунд сарын арван тавны галтай гэрт шүү дээ. Багш минь намайг дуудаж:

- Би чамд мэдэх бүхнээ зааж, чи сурч дууссан. Багшийнхан нь ном гүйцсэн. Тавганд хөлдсөн хөөрөгний мөртэй сүүг зааж мэргэн шавийн минь ном эхэлж байгаа нь энэ дээ. Гялайлаа хүү минь. Амьддаа сансрын цэвэр ариун оюуны мандлаас ирдэг долгисыг хурааж хуримтлуулсан гурван зул цэцгийн рашааныг хүртэнэ гэдэг биеэр бурханы оронд таацахуйц ариусна гэсэн үг. Юутай  их ерөөл тавилантай барилдлага вэ гээд нэгэнтээ залбирч дуугаа хурааснаа :

    -Ингэхэд хүү минь тун жорыг яаж олов оо гэж асуулаа.

    -Өршөө багш минь.  Түмэн жорыг сэтгэлдээ бүтээгээд, бясалгалаар  нэг нэгээр нь хассаар үлдсэн ганцыг нь авлаа.

    -Зөв хүү минь гээд, мөн ч мэргэн олжээ. Энэ орчлонгоос буцахын өмнөхөн бурхадын оюуны мандлаас илгээдэг гэгээрлийн танг хүртэнэ гэдэг чинь зөвхөн биеийн эдгэрэл бус, сэтгэл сүнсийг минь төгс ариусгана. Багш нь энэ биеэрээ бурхадтай уулзах нь ээ...Гэхдээ нүүрэнд нь баяр бахархал тодорч, нүд нь хүүхдийнх шиг гэнэн тунгалаг харагдлаа. Хүү минь долоо хоноод ирээрэй гэж багш айлдав. Товлосон өдөр нь ирлээ. Багш нь шинэ хамбан дээл өмсчихөж. Гучин хоёр саристай наамал гутал, цагаан шанзан оймс, шар торгон овоодой, ер нь бүхий л хувцас нь цоо шинэ болжээ. За хүүхдүүд минь сонс! Сайн  шавийнхаа ачаар би эдгэрлээ, ариуслаа, гэгээрлээ.

    Гэр дүүрэн хүмүүс “Ашгүйдээ, ийм буянтай, тийм ачтай тустай, ямар гээч гайхамшигтай ...” гэх мэт магтаал үг урсгана.

     Мэргэн шавь минь өвгөн багшийнхаа хүн заяаны сүүлчийн ээдрээнээс гаргалаа гэх багшийн минь сүүлчийн үг өгүүлбэр тэртээ оддын чанадаас сонсогдоно. Багшийнхаа яриаг сонсож суусан хүмүүс хуучин олбогон дээрээ завилаатай үлдсэн өвгөн биеийг нь ширтжээ.

     -Зээ хүү минь:

     -Ахаа! Та айраг зоогло гэлээ.Хэн түүнийг авах билээ.

     Ахаа, та айраг... гэснээ хултай айргаа алдаж багшийн зөөдөж байгаа биеийг зуурч, уй дуу боллоо. Гэр дүүрэн уйлаан хайлаан, элээ халаг дуу шуу болж байна. Багш минь бурханд хувилан дээд үнэнд хүрч байхад уйлалдах ч гэж дээ хүмүүс минь .