Оточ одь

EN MN

АМЬСГАЛ БОЛ СүНСНИЙ ХООЛ ЮМ

Нийтэлсэн: 2012/01/05

 ДЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ХҮРЭЭЛЭН,  “ОДЬ” ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙЭМЧ, ОТОЧ П.БААТАР:

 Дорно дахины анагаах ухаан нь хүнд таван хий, таван шар, таван бадгана, гурван хий, долоон тамир гэсэн 25 махбодь байдаг гэж үздэг. Тийм учраас эдгээр 25 махбодь нь тэнцүү байгаа хүнийг эрүүл гэж үздэг.

Хүний биемахбодид амь баригч хий, дээш гүйгч хий, түгээмэл гүйгч хий, гал тэгшитгэгч хий, уруу арилгагч хий гэсэн таван хий оршиж байдаг. Одоо эдгээр хий тус бүрийг хаана байрлаж, ямар үүрэг гүйцэтгэдгийг тодруулж ярья:

Нэг: Амь баригч хий. Энэ хий нь хүний биеийн толгойн хэсэгт оршиж, хоолой цээжний хэсэгт гүйдэг. Амь баригч хий нь хоол хүнсний зүйлийн залгих, амьсгалах, шүлс ялгаруулах, найтаах, хэхрүүлэх, мэдрэхүйн эрхтний чадварыг дээшлүүлэх, санах ойг сайжруулах, сэтгэл мэдрэлийг хэвийн байдалд байлгах үүрэгтэй.

Хоёр: Дээш гүйгч хий: Энэ хий нь хүний биеийн цээжин хэсэгт орших ба хамар, хэл, хоолой тус газарт гүйдэг. Дээш гүйгч хий нь дуу авиа гаргах, дууны өнгө тодруулах, яриаг сайжруулах, урам зоригийг хөгжүүлэх, ой ухааныг сайжруулан хэвийн байдалд байлгах үүрэгтэй.

Гурав:Түгээмэл гүйгч хий: Энэ хий нь зүрхний хэсэгт оршиж хүний биеийн бүхий л хэсэгт гүйдэг. Түгээмэл гүйгч хий нь дөрвөн мөчийг хөдөлгөх, нүд амийг нээх, хаах, хэл сэтгэхүйн үйл ажиллагааг хангах үүрэгтэй.

Дөрөв: Гал тэгшитгэгч хий: Энэ хий нь ходоодонд оршиж дотоод бүх эрхтэнд гүйдэг. Гал тэгшитгэгч хий нь хоол боловсруулах, тунгалаг цөв ялгаруулах, тунгалагийн эсийг сайжруулах үүрэгтэй.

Тав: Уруу арилгагч хий: Энэ хий нь хошногонд оршиж бүдүүн гэдэс, давсаг, бэлэг эрхтэн болон гуяны дотор талаар гүйнэ. Уруу арилгагч хий нь цусыг төлжүүлэх, сарын тэмдгийг гадагшлуулахыг зохицуулах мөн хүүхэд төрүүлэх үйлдлийг хангах үүрэгтэй. 

Одоо амьсгалын тухай өгүүлье. Амьсгалыг сүнсний хоол гэж дорно дахины анагаах ухаанд үздэг. Монголчууд бол амьсгалыг амь баригч хий, түгээмэл гүйгч хий, дээш гүйгч хий, гал тэгшитгэгч хий, уруу арилгагч хий гэсэн таван хийнд ялган нэрлэж байсныг дээр хэлсэн.

Тэгвэл амь баригч хий ямар үед хэвийн байдлаа алддаг вэ. Тухайн хүний сэтгэл санаа тогтуун байх, уурлаж бухимдахгүй байх, буруу үг яриа ярихгүй байх, цэвэр агаарт амьсгалах зэрэг нь амь баригч хий хэвийн байх нэг чухал хүчин зүйл юм. Хэрэв хүн бухимдаад, уурлаж уцаарлаад байх юм бол амь баригч хий хэвийн байдлаа алдаж өвчний үүд хаалга нээгддэг.

Дээш гүйгч хийн хэвийн байдал яагаад алдагддаг вэ. Хэрэв тухайн бие махбодийн хүч сулрах, урамгүй үг ярих, хэтэрхий их тонгойх буюу гэдийх, хоолой сөөх, хэл цуцах, хэлгүй болох, ам хамар мурийх зэрэг байдлын үед дээш гүйгч хий үйл ажиллагаагаа зохицуулж чадахгүйд хүрдэг. Дээш гүйгч хий нь хүний хэл, хамар, хоолой, тагнай зэрэг эрхтэнгүүдэд үйл ажиллагаа явуулдаг учраас дээрх эрхтнүүдийн цусны эргэлтийг удирдан зохион байгуулдаг. Дээш гүйгч хий нь биеийн дотоод тамирын чухал бүрэлдэхүүн болдог. Идээ ундааны тухайд өгүүлэхэд сонгино, архи, тамхи зэрэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэвэл дээш гүйгч хийн үйл ажиллагаа хорлогддог. Хордотлоо архи дарс хэрэглэвэл дээд гүйгч хийн ажиллах зарчмыг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг юм.

Түгээмэл гүйгч хий бол хүний зүрхэнд оршиж бүх биеэр гүйж бүх эрхтнүүдэд нөлөөлдөг. Түгээмэл гүйгч хий нь сэтгэл санаа маш их хямрах, хүнд юм өргөх, архи тамхи байнга хэрэглэх, хугацаа хэтэрсэн зүйлийг идэж уухад шинж чанар хямарчирдэг. Сэтгэл санаа маш их хямарч цочирдсоноос, эсвэл хүнд хүчир ажил хэтрүүлэн хийсэн, сэрүүн идээ ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, ялангуяа архи тамхийг удаан хугацаагаар хэрэглэх юм бол дээш гүйгч хий гэмтэж өвчин эмгэг болж байна гэсэн үг. Муу тал нь бол хэтэрхий юманд санаа зовох санамсаргүйгээр үг үйлийг үйлдэх явдлаас болж түгээмэл гүйгч хийн үйл ажиллагаа хавсарч зөрчигдөж эхэлдэг.

Уруу арилгагч хий хүний доод өтгөн шингэнийг зохицуулах бөгөөд давсаг, олгой зэрэгт оршдог гэж түрүүнд хэлсэн.

Эрүүл хүн ямар байх вэ гэвэл юуны түрүүнд амьсгал нь зөв байх ёстой юм. Дорно дахины анагаах ухаанд хэдий чинээ зөв амьсгалж байна, төдийчинээ оюун санаа эрүүл байна гэж үздэг. Тэгэхлээр бид өөрсдөө буруу амьсгалж, буруу сэтгэж, буруу ярьж, нүгэл хилэнцээ наминчлахгүй зөвхөн техник сэтгэлгээгээр асуудлыг шийдэх гэдэг буруу зуршилтай болжээ. Шинжлэх ухаанаар асуудлыг шийдэх гэхлээр бидний сэтгэл, махан бие, оюун санааны өөрчлөлтөөс болж асар их гажигтай болсон байна. Үүнээс болж хүмүүс их өвчилж байна.

Хүний амьсгал сүүлийн үед ихээр алдагдаж байгаа. Байгаль дэлхийн уур амьсгалын огцом өөрчлөлт, нөлөөнөөс болж хүний таван хийн үйл ажиллагаа алдагдаж эхэлж байна. Жишээ нь, цэвэр агаараар амьсгалж байх ёстой хүмүүс маань утаа, тоос шороо, тортогтой агаараар амьсгалж байна. Дулаан агаараар амьсгалах ёстой үед нь хүйтэн сэрүүн байна. Сэрүүн агаараар амьсгалах ёстой үед нь халуун болчих жишээтэй. Ингэхээр амь баригч хий, түгээмэл гүйгч хий, дээш гүйгч хий, гал тэгшитгэгч хий, уруу арилгагч таван хийнүүдийн хэвийн байдал алдагдаж эхэлж байна. Яагаад вэ гэвэл, утаа тортогтой бохирдсон агаар, хэт сэрүүн, хэт халуун дулаан уур амьсгалын нөлөөгөөр хоол, цаг агаар, амьсгал гурвын зохилдлогоо алдагдаж эхэлсэн.

Нийгэм хөгжөөд ирэхлээр бухимдал уур уцаар ихсэж, үүнээс болж амь баригч хийн үйл ажиллагаа алдагддаж эхэлсэн. Нийгмийн хэт ачаалал, хэт их төлөвлөлт, цаг хугацааг гүйцэх гэж хүмүүс маш их ажиллаж хөдөлмөрлөж байгаа, сэтгэл санааны болон эдийн засгийн маш их дарамтанд ороод тайван биш болоод ирэнгүүт түгээмэл гүйгч хийн үйл ажиллагаа алдагдаад тайван бус болж амьсгалын зарчим нь алдагдаж байна.

Уруу арилгагч хий бол биеийн доод хэсэгт оршиж шээс, өтгөн шингэн гарах, хүүхэд төрөх гэх мэтийн үйл ажиллагааг зохицуулдаг гэж түрүүн ярьсан. Гэтэл амьдрал дээрээ хоолны нэр төрөл олширсон, янз бүрийн хоолыг цаг улиралдаа зохицуулж идэхгүй байгаа зэргээс болж өтгөн хатах өвчин бий болдог. Уруу арилгагч хийн гэм буруу ингэж эхлэснээр даралт өндөрсөх, мөн хүүхэд төрөх ёстой хугацаандаа төрж чадахгүй байх... гэх мэтийн зүйлд нөлөөлдөг. Уруу арилгагч хийн хэвийн ажиллагаа алдагдаж, цусны эргэлтийн горим хэвийн бус болсноос даралт ихэсдэг. Хичнээн даралтны эм уугаад даралтаа буурууллаа ч гэсэн уруу арилгагч хийг хэвийн байдалд нь оруулаагүй тохиолдолд ямарч эм уугаад эрүүлжиж чадахгүй. Жишээ нь, уруу арилгагч хий, дээш гүйгч хийнүүд хэвийн үйл ажиллагаатай хүнийг дорно дахины анагаах ухаанд эрүүл хүн гэдэг.

Эрүүл хүний гал тэгшитгэгч хий нь ходоодонд байрлаж хоол ундыг зохицуулдаг. Тэгэхлээр хоол унд бол өөрөө сэтгэл оюун санаатай холбоотой байдаг. Мөн санаа зовох, айх гэнэтийн цочирдлоос болж гал тэгшитгэгч хий болон дээрх дөрвөн хий хямраад ирэхлээр хоол боловсруулах замын эрхтэн хямардаг. Энэ нь нийгмийн хөгжилтэй холбоотой.

Дорно дахины анагаах ухаанд хүн өвчний шалтгаан нөхцлөө арилгахын тулд хоол унд, таван хий, таван шар, таван бадгана, долоон тамир, гурван хийг зохицуулах ёстой. Үүнийг тэнцүүлж чадаж байгаа хүнийг эрүүл хүн гэнэ. Хэрэв үүнийг зохицуулж чадахгүй бол тухайн хүн өвчилж эхэлдэг. Энэ талын боловсрол хүмүүст хэрэгтэй байна.

Тэгэхлээр шээс гарах үедээ гарахгүй, өтгөн гарах үедээ гарахгүй, хэлэх ёстой үгээ бүрэн гүйцэд хэлэхгүй, бүтэн амьсгал авч чадахгүй байх, мөн эрүүл цэвэр агаараар амьсгалахгүй байх нь бүх өвчний эхлэл юм.

Гол усны дуу, ургамлын үнэр, уул усны долгис, цэвэр агаарыг амьсгалж байсан манай Монголын уламжлалт амьдрал бие махбодийн таван хийд маш сайн зохицож байжээ. 

 Эх сурвалж: Хань сонин