Оточ одь

EN MN

"Амьд явахын нууц" буюу "Оточ Одь" эмнэлэгийн бодь оточийн оносон судас

Нийтэлсэн: 2011/10/17

СГЗүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Хатагин Готовын Аким

АМЬД ЯВАХЫН НУУЦ БУЮУ ОТОЧ ОДЬ” ЭМНЭЛГИЙН БОДЬ ОТОЧИЙН ОНОСОН СУДАС

Нөхцөл шалтгаан ану бүрэлдэн буй болсон бүхэн мөн

Нөхцөл шалтгаан ану бүрэлдэхүйд арилан үгүй болмуй.

З.АГВААНБАЛДАН (Гүн ухаантан)

                                             Учиг гаргахуй

Өмнийн элчилгүй тал, үзүүргүй говийг нэгэн лам туулан, гав ганцаар умар тийш явган мацна. Умар, умар, умар! Энэ хүний зорьсон газар умардад, Ар Халхад буй. Яваад бай, яваад бай. Цөл говийн цонох наран, заримдаа тавих шороон шуурганы алин нь ч түүнийг зогсоож үл чадах.  Зэвсэг барьсан дээрэмчин, сэмээр гэтэх хулгайчийн алин нь ч зорьсноос нь буцааж үл дөнгөх. Умар умар умар! Өлссөн ч яваад бай, цангасан ч хөдлөөд бай. Очих газар Ар Халхад бий. Ар Халхад оч гэсэн өвгөн багшийн айлдвар буй. Нэгэнт өвгөн багшийн захиас байгаа хойно хүр гэсэн газар нь хүрэх л ёстой. Монголчуудын хувьд багш шавийн барилдлага гэдэг хамгийн нандин, багшийн айлдвар гэдэг шавийн хувьд заавал биелүүлэх андгаар. Толгой дээр нь тачигнах аянга, тасхийн буух тэнгэрийн сум юу ч биш. Яваад бай, яваад бай. Унасан ч бос, сөхөрсөн ч өндий. Тийнхүү унан тусан зүтгэж яваа энэ хүнийг Жамъян-Яндаг гэнэ. Тэрвээр Хувилай цэцэн хааны 1261 онд байгуулсан Монгол отчийн сургуулийг дүүргэжээ. Уг сургууль байгуулагдснаас хойш 300 жил өнгөрөхөд нэгэнт хятадчлагдсан байлаа. Монголчуудад зориулсан энэ сургууль хятад газарт байгаа болохоор хятадчлагдах нь мэдээжийн гэдгийг өвгөн монгол багш мэдэж байсан ч машид харамсаж, өөрийн хамгийн хайртай шавь Жамъян-Яндагийг өргөөндөө авчран, Монгол нутагт Бурхан Халдун уулнаа хүрч, монгол хүн арддаа Манал бурханы эрдмийг түгээх захиа даалгаварыг аминчлан өгчээ. Жамъян-Яндаг ийнхүү Хан балгас Бээжингээс гараад өндөр уулсыг давж, ээрэм талыг туулж, өргөн говийг гатлахдаа түмэн бэрхдлийг үзэн, мянган төвөгдлийг амссан ч гагцхүү багшийн айлдварыг биелүүлэх нэгэн үзүүрт сэтгэлийг өвөрлөсөөр амь дүйн яваа нь энэ бөлгөө. Нэгэн жижиг хар ууланд хүрч явтал гэнэт аадар цутгав. Аадрын шаагих нь хувингаар цутгах мэт. Өөрийн эрхгүй тэр уулнаа хорогдох газар хайлаа. Тэгтэл нэг том агуй ашгүй дайралдсанд дотор нь орж явчихлаа. Тэнгэр нүрэглэн, гялбаа агуйд тунаран орж ирнэ. Тэнгэрийн дуунд багшийн нь дуу сонсдож, гилбээн дунд багшийн нь дүр тодрох мэт. Жамъян Яндаг бодсон нь: “Ар Монголын нутагт ямартай ч орж ирсэн. Маналын буултын цаг нэгэнт боллоо. Бурхан Халдун хүрэх цаг даан ч байхгүй.  Хувьтай хүн хур борооноор гэдэг. Энд ирэхэд хураар угтаж байгаа болохоор эндээ намайг багшийнхаа айлдварыг биелүүл гэж бурхан тэнгэр таалж байгаа хэрэг. ” Ийнхүү тэр оточ агуйдаа сууж, Манал бурханаа тахин бясалгал хийж эхлэвэй. Энэ нь Сэцэн хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутаг Жингэр Тэмээтийн уул, агуй нь Жингэр Тэмээтийн  агуй байлаа. Чингэж Жамъян-Яндаг энэ агуйд долоон жил бясалгал хийгээд  монгол түмэндээ  тэжээхүй ухааны эрдмийг түгээж, тусыг нь хүргэж  эхлэжээ. Энэ бол 1561 он байлаа. Монголчуудын ерөөлөө гэж!..

“Нэг бадарчин лам хаанаас ч юм ирээ л биз, энд монголчуудын ерөөлийг дуудаад байхдаа яадаг юм” гэж уншигч над адарч  магад. Чухамхүү тэр ерөөлийн тухай хүүрнэх гэж дээрх түүхийг хуучилж, энэ л өгүүллийг бичиж байгаа юм аа. Гэхдээ ерөөлийг ард өгүүлсү хэмээн арагш түр тавиад өөр нэгэн түүх ярьсу. Мэлмийдээн тольдох ажааму.

Хэнтий аймгийн жолооч Жадамбын санаж сарвайх хүү Бямбасүрэн нь арван хоёртойдоо гэнэт өвджээ.  Жадамба, гэргий Дугарсүрэн нар  хүүгээ илаар болгох гэж Улаанбаатарын Ясны сүръегийн больницод хэвтүүллээ. Гэвч эдгэсэнгүй. Тэгээд янзбүрийн оноштойгоор Улаанбаатарын хамаг эмнэлгийн босгыг элээх эцэс төгсгөлгүй “аян” эхлэжээ. Хүү нь сар хэвтэж эмчлүүлснээ арваад хоноод л өвчин нь дахичихна. Хүү маань өвдсөнд орвол өөрсдөө өвдөх минь яав даа гэж эцэг эх хоёр халаглана. Үзүүлээгүй эмч, хэвтээгүй эмнэлэг гэж байхгүй болов. Хамгийн сүүлд 97 онд Улаанбаатарын Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт сар эмчлүүлээд нутаг буцав. Өвчин аанайхан арваад хоноод дахин хөдөлж, хүүгийн бие ясандаа тултал янгинан тэсэхийн аргагүй өвдөх  тул хана туургаа балбана. Ёолно, орилоно. Хүүгийнхээ ингэж тарчилж байгааг харсан эцэг эх хоёрын сэтгэл бас л тэсэхийн аргагүй шанална. Үхтэл үр харам гэж айхтар үг буй. Хүүгээ хөл дээр нь босгох горь тэдэнд үл тасрана. Тийм оточ маналын бүрэлваатан олж өгөөч гэж бурхандаа залбирна. Тийм хүн даан ч байхгүй гэж үү гэж сэтгэлээр унана. Аяа, хүүгийнхээ ёолоход хамт ёолж, уйлахад цуг уйлан, шар махтайгаа хатсан арвандөрвөн жил! Хүүгээ алдах нь уу гэж айдас хүйдэст автсан арвандөрвөн жил! Чилийсэн арвандөрвөн жил! Гэтэл Дорноговийн нэг сайн оточ Баянхутаг суманд ирж гэнэ гэж хүнээс дуулж, тэр хүнд хүүгээ үзүүлж гоочоо бараад үзъе гэж сэтгэл шулууджээ. 69 машинаа асаагаад, хүүгээ дотор нь хэвтүүлж аваад, тийш сандан мэндэн давхилаа. Оточийн байгаа айлд очиж, хүүгээ үүрэн гэрт оруулбал оточ байхгүй, сонгуульд саналаа өгөхөөр явсан байлаа. “Буцчихаагүй  нь яамай” гэж ханцуй дотроо залбирав. Тэгтэл ч оточ орж ирээд олбого дээр суулаа.  Жадамба түүнд ирсэн учраа айлтгаж, аврал эрж яваагаа хэлж дээ. Бодь сэтгэлтэй байрын хүдэр бор эр, усан дээр өрөм тогтом сайхан зантай ч гэж аргагүй, үзээд өгөхөөр болов. Жадамба замд ядарсандаа унтсан байсан хүүгээ сэрээн өргөн ойртуулах гэтэл оточ “ийм дор орсон хүүхэд үү, би өөрөө” гэж ухасхийн босч очоод судсыг барьж, “Энэ гайгүй ээ, эдгэнэ. Дүмбэ гэдэг өвчин байна. Одоо үгдрээд арансан дүмбэ гээч болчихож. Дандаа буруу эмчилж байжээ. Би 14 хоног уух тан өгъе. Дөрөв тав хоноод өвчин нь хөдлөнө шүү. Тэгэхэд шал дэмий амьтнаар үзүүллээ, шал дэмий юм боллоо гээд эмийг таслав аа. Яг миний хэлснээр өгөөд байгаарай” гэжээ. Нээрээ л тав хоноод Бямбасүрэн хүү орилж бархиран сүйд болов. Аав ээж хоёр нүд цурам хийлгүй хүүгээ харан, ятгахдаа ятгаж, аманд нь цутгахдаа цутган эмийг нь түүнд өгөөд байлаа. Маргааш нь хүү таг унтаж орхив. Сэрээх гэхэд сэрэхгүй унтаад л байлаа. Өрөөсөн нүд нь аниастай байхад нь эмийг нь аманд нь хийнэ. Тэгтэл долоо дахь хоногтоо хүү орон дээрээ босоод суужээ. Арвандөрөв хоноход босож явдаг боллоо.

Арвандөрвөн жил хэвтэрт байсан залуу хүү ийнхүү арвандөрөвхөн хоногт хөл дээрээ босчээ. Юутай баяр! Юутай жаргал! Айл гэр элэг бүтэн байхаас өөр сайхан юм энэ орчлонд бий гэж үү?! Энэ айлыг элэг бүтэн үлдээсэн тэр ачтан хэн бэ?

Нээрээ, тэр ачтан хэн бэ?

Та энэ өгүүллийн гарчгийг уншаад “Бодь” гэдэг нэртэй  оточ гэж бодсон байж мэднэ. Үгүй бөлгөө. Бодь хүн гэж монголчууд гүндүүгүй, нуруутай, тусч, сайхан сэтгэлтэй хүнийг хэлдэг. Бүр ахиулбал “бодьсадваа” гэж арилсан бурхадыг ч нэрлэнэ. Гэвч би энэ удаа тэр отчийг бодь сэтгэлт гэдэг үүднээс нь нэрлэсэн бөлгөө. Чухам түүний алдрыг бол Баатар, Боржигон  П.Баатар гэнэ. Анх уулзахад тэрвээр яралзтал инээсээр намайг угтсан. Царай бор, цээж ханхар, нуруу өндөр. Биеийн тамираар хичээллэж байсан болов уу. Бага байснаа хуучилж өгөхгүй юү гэж миний хэлэхэд Дорноговийн Хүн эмнэлэгийн техникумын хашаанд өссөнөө, захидлын марк цуглуулдаг байснаа, “хар гар” ярьж охид айлгадаг байснаа, ер жаахан зүггүй байснаа инээн байж ярьсан. Тэгтэл Цэрэндорж багш нь хажуунаас нь “зүггүйгээр ч барахгүй ээ, ер нь бол нэлээн овгордуу нөхөр байсан” гэж хэлээд хөхрөхөд нь би “Тэгвэл “Овгор оточ болсон нь” гэж  бичих юмаа гарчиглая л даа” гэж цаашлуулаад бөөн инээдэм болсон. Тэр үнэнхүү сэтгэлээсээ цангингтал инээдэг аж. Түүний цагаан инээд цээжнийх нь гүнээс, сэтгэлийнх нь угаас гарна. Түүний сэтгэлийн сайхан нь цагаан инээдээр гадагш цацарч уулзсан учирсан хүн бүртээ цагаан эрчим хүч шингээх мэт санагдана.

Биеийн тамираар хичээллэж байсан болов уу гэж бодсон минь эндүүрэл болсонгүй. Тэрвээр 1980 онд цэрэгт орж, “Алдар” нийгэмлэгт хүндийг өргөгч байж. 1983 онд Биеийн Тамирын Дээд Сургуульд  эчнээгээр орж дүүргэн биеийн тамирын багш болжээ. Үгүй байз, биеийн тамирын багш хэдийдээ оточ болдог байна аа? Бас яахаараа? гэж гайхснаа нуух юун. Асуух, асуух! “Чи ер нь яасан их шалдаг нөхөр вэ” гэж Цэрэндорж багш нь намайг нэг цаашлуулсан. Баатар, түүний багийнхны бүтээж байгаа буянт үйлсийг усан нүдэт цусан зүрхт би шалахгүйгээр хэрхэн гаргаж чадах. Асуусны хүчинд олсоноо өгүүлсү. Баатар 200 кг-ын штанг өргөж байгаад суухдаа буруу тавин алджээ. Тэрвээр эмнэлэгт ухаан оров. Төмөр нь чамархайруу нь шаасан байжээ. Ингээд өвчин зовлонд ээрэгдэж эхлэв. Монголчуудын ерөөл өө гэж!

 “Задарсан муу тархи, яв, чи!”

Хүн тархи толгойгоо гэмтээж, өвчин зовлонд баригдлаа гэж байхад өвчнөөр нь тавлаж байгаа юм шиг ерөөл гэж яриад байхдаа яадаг юм гэж уншигч намайг зэмлэх нь мэдээж. Уншигчийн ингэж зэмлэх нь зөв ч бас өөрийнхөө тэгэж хэлснийг зөв гэж өөрийгөө би өмөөрмүй. Яахын аргагүй монголчууд ерөөлтэй улс юм. Үүнийг хойно өгүүлэх тул хойш нь түр тавьсу.

Баатар өвдлөө. Халаас дүүрэн эмтэй явах боллоо. Нойргүй боллоо. Оросын алдарт эмч Зоринд очлоо. Үзүүллээ, эмчлүүлээ. Тус болсонгүй. Нойрны эм үйлчлэхээ болилоо. Бие нь өвдөнө. Янгийн эм бас үйлчлэх муутай боллоо. Үхэх юм бодогдох боллоо. Гурвын гурван жил чингэж зовов. Гэтэл… Нэг өдөр түүнийг гэртээ байж байтал нь ээжийнх нь төрсөн эгчтэй суусан Шар Совд ах нь орж ирэв. Түүний хэлсэн нь: “За, хүүхээ, чамайг эдгээх нэг сайн хүн бий. Харин хэртэйд хүн хүлээж авдаггүй. Тэр манай хамаатан. Тэгэхлээр чиний ч хамаатан болно. Чи очиж уулз” гэжээ. 86 оны таван сарын алдад Усны аж ахуйн Далхаа гэдэг жолоочийн “66” машины кабинд суун Дэлгэрэх суманд байгаа оточид бараалахаж гоочоо барахаар гарч өглөө. Очлоо. Уулзлаа. Нөгөө өвгөн ярвайгаад, буруу харж суучихаад халгаадаггүй. Гуйлаа. Зовлонгоо тоочлоо. Тэгэж тэгэж өвгөн  “ Маргааш үүрийн дөрвөн цагт ирээрэй” гэжээ. Өглөө үүрээр очиход нь гарт нь нэг хүрэх шиг болжээ. “Амьтан хүний дэргэд ийм тийм юм ярив аа. Маргааш ажлын цагаар ир. Аяганы ширээн дор гурван тун эм тавина. Хонины шөлөөр даруулж уугаарай. Түүнийг аваад олон юм шалгааж барилгүй шалавхан яваарай” гэж өвгөн тас түс хэлжээ. Хэцүү ч цаг байж дээ! Баатар эмийг сэмхэн аваад, Сайншандад буцаж ирэв. Эхний орой эмийг заасан ёсоор нь уулаа. Тэр шөнөдөө л өвчин нь гайгүй болж байгаа нь мэдэгдэв. Гурван жилийн зовлон гурван тун эмэнд алга болов. Гурван жилийн зовлонг гурван тун тангаар илаар болгодог ачтан хэн бэ? Одь алдартай оточ Дорж! Баатар ингэж эдгэсэндээ хөл газар хүрэхгүй баярлаж, ерөөс  Одь гуайг дагаж, эрдмийг нь сурдаг хэрэг гэж сэтгэл шулууджээ. Багшийнхаа ажлыг ч хаячихлаа. Тэгээд “Таны эрдмийг суръя” гэсээр түүн дээр давхиж хүрвэл “Задарсан муу тархи, чи яв” гээд халгаадаггүй. Хөөгдлөө. Тийнхүү ажилгүй жил тойрч байтал 87 он гарч Зөвлөлт Холбоот Улсад “өөрчлөн байгуулалт”, “шинэчлэлт” гэх мэт үйл явц болж, Монголд ч “хүйтний ам цаашилж” эхлээд, мань эрийг дахин нэг очиход нь Одь гуай нэлээд цааргалж байснаа “Цаг эргэх нь ээ. Чи ирвэл ирж бай” гэж сая нааштай дуугарчээ. Ийнхүү Баатар багшдаа шавь орсон ажгуу. ”Багш сайн цаг ирэхийг мэдэж, түүнийг хүлээж байсан юм билээ” гэж Баатар нэг хэлсэн. Тэр үеийн мэргэн өвгөд өө гэж! Одь гуай “Хэдэн бор судар маань байхад муу бор гэрээсээ ертөнцийг харж болно” гэж айлддаг байсан гэнэ. Нэг удаа Улаанбаатарруу ирж явахдаа “90 онд төр өөрчлөгдөх байх аа” гэж Баатарт хэлжээ. “Яагаад?” гэж лавлахад нь ”Харж байна уу. Дандаа цагаан цэцэг ургасан байна” гэж хариулсан гэдэг. Үнэхээр л говийн тэр бөглүүд байс ан хөдөөгийн тэр өвгөн бор гэрээсээ ертөнцийг харж байждээ. Нээрээ л, тэр онд төр өөрчлөгдсөн. Баатар багшдаа эм танг нь нүдэж өгч, цэцэг ургамал түүж өгөхийн зэрэгцээ багшийгаа үүрч дүүрч, өргөж тойлж  жинхэнэ монгол шавь болсон аж. Монголд ардчилал эхлэхэд багш нь нутгийн нэг өвгөнтэй маргажээ. Энэ залуучууд өлсгөлөн мөлсгөлөн зарлаад цаг нэг биш боллоо гэж цаад өвгөнийгөө хэлэхэд багш нь “Үүнд битгий гомдоо хөө. Ардчилал, хувьсгалыг нь мэдэхгүй. Ер нь бол төрийн нуухыг арчиж, хирийг угаах хур бууж байна шүү, юунд эмзэглээд байгаа юм” гэж хэлсэн гэдэг. Чингээд Баатар багштайгаа хоёул Үндэсний дэвшлийн намд элслээ.  Тэгтэл МАХНамын аймгийн хороо Ардын эмнэлэг байгуулахаар болж, Одь гуайг Сайншандад татаж авчирчээ. Ингээ д Баатарын хувьд бүр амар болжээ. Өглөө нь очиж, түвд хэл заалгана. Орой нь очиж, эм танг нь нүдэж өгнө. Нэг эмийг нухахад 10000 эргүүлж байж байж, сая эмийн чадал, өнгө, үнэр, амт ордог гээд багш нь ууранд эмийг нухуулна. Уурны амсарт юу ч наалдаагүй, ёроолд юу ч үлдээгүй байвал сая багш нь “Наад эм чинь өнгөндөө орж. Одоо боловсорч байна. Одоо амар амар” гэнэ. Багш нь ийш тийш явж чадахгүй тул Баатарыг өвс ургамаланд явуулна. Говьд ургадаг цэцгийг хангайнхаар солиулж авахаар бүр хангайн аймагруу явуулах болов. Баатарын ярьсан нь: “Нэг аймагт очоод нэг өвгөнтэй уулзана. Тэгээд “Одь багш тийм ургамал аваад ир гэж явууллаа” гэхэд “Аа, Одь тэгэж байна уу. Би ч юм мэдэх биш дээ. Чих дүлий” энэ тэр гэж намайг дамшиглаад, хоёр гурав хоног шаналгаж байж нөгөө цэцгээ өгнө. Тэгэж авсан цэцэг ургамал ер мартагддаггүй юм билээ. Багш маань хөвсөргөн залууг дарж байж номд оруулъя. Буянаа  тогтоодог болгоё гэж л тэгэж байсан юм билээ” гэж даруухан өгүүлсэн. “Эмэнд ордог 600- гаад ургамалыг Баатар шиг таньдаг нь одоо ховор оо. Ургамалыг дөрвөн улиралд нь танина шүү” гэж Цэрэндорж багш нь магтсан.  “Би судас барьдаг эмч болно” гэж ер бодоогүй байсан. Энд нэг гайхамшигтай юм байна. Мэргэн болвол үүнийг сурч чадах байх гэж бодоод багшдаа би мэргэн болмоор байна гэж нэг хэлэв ээ. Багш “тэг тэг” гээд “Анагаах ухааны эрүүл хүний мод” гэдэг номоо өгөөд “Үүнийг л үзвэл мэргэн болно доо” гэхээр тэр номыг цээжилчихлээ. Дараа нь “Анагаах ухааны язгуур үндэс” номыг цээжилчихсэн чинь багш “гайгүй л хүүхэд юм” гэж байсан хэмээн Баатар дурсан ярьсан.  Тэгээд багш нь түүнд судас барихыг зааж, “Эхлээд өглөө нар гарахад өлөн дээрээ өөрийнхөө судсыг барьж бай” гэжээ. Цэрэндорж багш нь үг хавчуулруун:  “Одь багш Баатарыг ганц л магтсан. Цэрэндорж оо, цаад муу Баатар чинь судсыг гайгүй хөнгөхөн ялгадаг болчихлоо гэсэн” гэв. Доктор Хүрэлбаатар  “…гурван гол судас, түүний салаа гишүүн долоон түм, хоёр мянган судас…бий” гэж бичсэн нь бий. Чингэхлээр Баатар энэ тооны судсыг онодог болжээ гэж би баттай хэлэх байна.

 “Нар шингэхийн өмнө хадгийг минь авчих л даа”

1997 онд өвгөн багш нь жанч халав. Х.Цэрэндорж багш нь ярьсан нь: “Нэг өдөр Александр надтай уулзаад, “Баатар багш танд шавь оръё гэж байна” гэхэд нь би “Битгий дэмий донгос. Багшийн эрдмийг хэн илүү авсан гэж бодож байна?” гэвэл Александр “Та ч бас их авсан” гэхэд нь би “Үгүй ээ, үгүй. Өөрөөсөө дор хүнд шавь орно гэж байхгүй” гээд явууллаа. Гэтэл мань эр Баатарт очоод “Цэ багшид Та шавь ор. Таныг хүлээж авна гэж байна билээ” гэж эсэргээр очиж хэлсэн байгаа юм даа. Нэг орой гэртээ байж байтал Баатар, Александр хоёр орж ирлээ. Монгол дээл өмсчихсөн, малгай толгой тавьчихсан хоёр ёсорхуу эрс. Цай цүү ууж байснаа малгайгаа өмсөөд л над хадаг барьдаг юм байна. Тэгэхлээр нь би “Чи битгий дамшиглаад бай. Өөрөөсөө дор хүнд шавь орж болдог юм уу” гэлээ.  “Намайг дарж байх нэг хүн хэрэгтэй байна. Одь багш намайг дарж байхгүй бол болохгүй хүн гэж мэддэг байсан” гэж Баатар маань хэлж байна.Би цааргалаад суугаад байлаа. Манай цонх баруун талдаа юм. Баатар цонхруу харснаа “Тийш ээ та хар даа” гэж байна. Харвал нар уулын цаагуур ороод, дөрвөн хуруу хиртэй цухуйж байна. Тэгтэл Баатар “Ертөнцийн нар шингэж болно. Оюуны нар шингэхгүй. Оюуны нар мандаж байгаа цагт таньд шавь орж байгаа юм. Нар шингэхийн өмнө Та хадгийг минь авчих л даа” гэдэг байгаа. Хадгийг би авахаас өөр аргагүй болсон. Тэгээд би хэлсэн: “За би хадгийг авъя. Нэгд насыг минь, хоёрт гучаад жил өвөр дээрээ хүн үхүүлж ч үзсэн, босгож ч үзсэн туршлагыг минь хүндэтгэж байгаа хэрэг биз дээ. Би багшийн гүн ухаан, түүхийн мэдлэгийг нэлээд сонсч байсан, түүнийг нь хөөе. Баатар чи оншилгоо эмчилгээг нь хөө. Алгаа чи зүү төөнүүр бариа заслыг нь хөө” гэсэн. Одоо би чиний багш боллоо. Чи намайг тулган шаардсан шиг би чамайг тулган шаардана даа, хөө” гэсэн чинь Баатар юу л гэвэл биелүүлнэ шүү дээ. Цайны сүү аваад ир гэвэл аваад ирнэ” гэж байна. Тэгэхэд нь “Үгүй ээ, чи Анагаах ухааны коллежид ор” гэв ээ. “Ёстой барахгүй, би гучин зургаа хүрчихсэн” гэж байна. Боловсролын хуулиар их дээд сургуульд 35-аас доош насны хүмүүсийг элсүүлдэг дүрэмтэй. Надаас захирал авсан Нямхүүтэй яривал Боловсролын Яамнаас зөвшөөрөл аваад ирвэл болно гэлээ. Тэгтэл яамны хэлтсийн дарга нь өөрийнх нь таньдаг, аавыг нь өөрийнх нь хөл дээр нь босгосон хүн байж таардаг байгаа. Тэгээд “нөхөр Баатарыг хурдавчилсан хөтөлбөрөөр яаралтай төгсөг” гэсэн бичиг хийж өгсөн байгаа юм” гэлээ.

Баатар тийнхүү хашаанд нь дүрсгүйтэж өссөн сурьгуульдаа оржээ. Монголчуудын ерөөлөө гэж!  

 “Монголын оюун ухаанд итгэлээ” буюу

“Монголын долоон үеийн эмчийн тан ч чанга байна шүү!”                            

Сургуулиа төгсөөд, “Одь” эмнэлгээ дөнгөж байгуулаад байж байтал Холливудын од Стивен Сигалаас захидал иржээ. “Би танай “Одь” эмнэлгийн Баатар гэдэг хүнээр эмчлүүлэх хүсэлтэй байна. Гурван асуулт тавья. 1. Ямар мэргэжилтэй хүн бэ? 2. Ямар шашин шүтдэг вэ? 3. Яаж эмчилдэг хүн бэ?” гэж захидалд бичсэн байлаа. Хариуг нь Цэрэндорж багш нь бичжээ. “Баатар бол Монголын уламжлалт анагаах ухаанд багшийгаа дагаж арван хоёр жил суралцсан хүн. Мөн анагаах ухааны коллеж төгссөн их эмч хүн. Бурханы шашинтай. Монгол эмээр эмчилдэг. Би зөвлөх эмч нь. Бид хүнээ явуулж болно. Эмийн аюулгүй байдлыг яаж хангах вэ? Хүний аюулгүй байдлыг яаж хангах вэ? Энэ хүн эмнэлэгтээ ажиллаад тодорхой орлого оруулдаг. Энэ тал   аар яах вэ?” гэсэн факс явуулжээ. Тэгтэл маргааш нь л хариу ирсэн нь “Танд баярлалаа. Эмийн аюулгүй байдлыг Монголын хилээс нааш бүрэн хариуцаж чадна. Танай хүний амь насыг өөрийнхөө хэмжээнд хамгаална. Таны тавьж байгаа тооцооны асуудал маш зөв. Би гомдоохгүй” гэсэн байлаа.

Баатар Сигалд эмээ өгчээ. Нүдсэн эм нь алга дүүрч байж. Том гэгч шилэн аяганд устай хийгээд өгч дээ. Тэгэхэд Сигал “Энэ чинь юу юм?” гэж асууж. Баатар “Энэ бол Монголын долоон үеийн их маарамбын зүрхнээс зүрхэнд, тархинаас тархинд боловсруулсан эм ээ” гэж хариулж. “Мy god! Би ийм юм үзээгүй юм байна” гэж хэлээд эмийг хүртэснээ үсээ илээд, “Монголын долоон маарамбын эм ч чанга байна шүү!” гэсэн гэдэг. Гурав хоноод л бие нь сайжирч эхлэжээ.

Баатарын хуучилсан нь: “Тэгээд над итгэж эхлэсэн дээ. Би дөчин тав хоног түүнийг эмчилсэн юм. Тэгтэл түүний төрсөн өдөр нь болов оо. Холливудын том том од, саятан баяцуул цуглаад л, том том бэлэг өгөөд л. Над ганц Чингис архи л байдаг. Би саарал даавуу дээл өмсөөд, жанжин малгай тавиад, даалингаа бүсэндээ хавчуулаад зогсож байлаа. Тэгтэл Сигал “Миний монгол эмч үг хэлнэ” гэдэг байгаа. “Орчлонд гэрэлт их од заяасан юм. Бид тэр одны гэрэлд байна, одны баярыг хийж байна. Монголд хамгийн дээд хоёр л юм байдаг. Нэг нь идээний дээд архи, нөгөө нь эдийн дээд хадаг” гээд барьчихлаа. Миний бэлэг хамгийн доожоогүй нь харагдаад, яс хавтайгаад л байлаа. Маргааш нь судсыг нь барихаар өрөөнд нь орсон чинь нөгөө үнэтэй цайтай бэлэгнүүд энд тэндгүй хөглөрөөд байхад миний өгсөн архи хадагтайгаа орны нь толгой дээр байж байна. Дор нь пүрэв тавьчихсан байна. Миний баярласан гэж!”

Чингээд Сигал Энэтхэгийн лабораторийн том эмчийг урьж цусны шинжилгээ хийлгээд үзэхэд өвчин 85 хувь эдгэсэн байна гэсэн дүгнэлт гарчээ.

Нэг өдөр Цэрэндоржийн утас дуугарав. Харилцуурыг автал нэг монгол бүсгүй “Багш тантай ярь гэлээ” гэжээ. “Ямар багш?” гэвэл “Сигал багш хэл гэсэн юм аа. Танд баярлалаа. Миний өвчин 85 хувь эдгэлээ. Монголын оюун ухаанд итгэлээ! гэж хэлээрэй” гэсэн гээд утсаа тавьжээ.

Эдгэхгүй өвчин байхгүй!

Баатар, Цэрэндорж, Алгаа/Александр/. “Одь” эмнэлгийн тулгын гурван чулуу.  “Цэрэндорж багш маань онол, тарни, хоолны талыг бариад, би оншлогоо эмчилгээг дагнаад, Алгаа маань бариа засал хийгээд 20-иод жил боллоо. Гурван биеэр Одь багшийгаа нөхъе гэж ярьснаа биелүүлж явна. Гэвч гурвуул нийлээд ч багшийгаа нөхөж чадахгүй байна” гэж Баатар нэг хэлсэн. Багш нь “Чи анагаах ухаанруу орж байгаа бол барын сүүлнээс шүүрч байгаа хэрэг. Энэ хэцүү. Нэгэнт атгасан бол тавьж болохгүй” гэж Баатарт нэг захижээ. Ийнхүү атгасан барынхаа сүүлийг тавихгүй гэж энэ гурав гар нийлжээ. Гар нийлээд сэтгэл нийлжээ. Баатар нэг өгүүлэхдээ: “Олон үеийн багш нарынхаа захиж сургаж, зааж мэдүүлж өгснийг өрнө дорнын анагаах ухаантай хослуулж, хүн төрөлхтний анагаах ухаанд хувь нэмрээ оруулж, монгол анагаах ухааны уламжлалыг таслахгүйгээр хүн олондоо хүргэх гэж бид зорьж явна” гэсэн юм. Зорьсноо тэд биелүүлж явна. “Нөхцөл шалтгаан бүрэлдэж буй болсон бүхэн мөн нөхцөл шалтгаан бүрэлдэхэд арилж үгүй болно” гэж Монголын алдартай гүн ухаантан, эрдэнэ цорж Агваанбалдан айлджээ. Энэ үгийг анагаах ухаанд авч хэрэглэж болно. Нөхцөл шалтгаан бүрэлдээд л өвчин үүсч байгаа юм. Тэгэхлээр арилах нөхцөл шалтгааныг нь бий болговол өвчин эдгэнэ гэж Цэрэндорж багш ярьсан. Ингэхлээр эдгэхгүй өвчин гэж байхгүй гэнэ. Ийнхүү Баатар нар энэ товч уриаг хэрэгжүүлж явна. Чухамхүү яаж хэрэгжүүлж байгааг  чухамхүү эдгэсэн хүмүүсийнх нь амаар хэлүүлъе.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин Цэрэнгийн Зүмбэрэл ярьсан нь:”2006 оноос нүд минь бүрэлзэж, толгойн баруун хэсгээр хатгуулж, хэвлийн баруун хэсгээр хөндүүрлэх болж, эцэж турж эхлэсэн. Дундговьд ЭХО-ны эмч эгч Дулмаагаар ЭХО-д харуулахад элэгний VI, VII сегментэд 8.7-7.5 см хавдрын үүсвэртэй байна гэж оношлосон. Хавдар судлалын төвд  Дэлгэрэх эмчид үзүүлж, хавдрын маркерийн шинжилгээ хийлгэж, элэгний зураг авахуулахад элэгний VI,VII,VIII,V хэсэгт 8.4-7.5 см, 3.7-4.6 см хэмжээтэй хорт хавдар үүссэн байв. Тэгээд мэс заслын эмчид үзүүлэхэд хэвтэж хагалгаа хийлгэ гэсэн. Мэс заслын эмчдээ би хагалуулахгүй, ардын эмнэлгээр явна гэж хэлээд, химийн эмчид үзүүл гэсэн тэмдэглэл хийлгэж аваад гарсан. Тэгээд Баатар гэдэг сайн эмч бий гэж дуулсан, хүнээс утсыг нь авсан байснаа санаад Баатар эмчрүү утасдвал “Яваад ир, үзъе” гэлээ. Тэгээд “Одь” эмнэлгийг заалгаад очвол Баатар эмч үзээд, эмчилъе, эдгээе гэсэнд их баярласан. 2007 оны нэгдүгээр сарын 19-өөс эмчилгээгээ эхлэж, эм авч уусан. Хоёр сарын дараа ЭХО-д харуулахад элэгний хавдрын үүсвэр 6.0-3.4 см болж багасаад, үсэрхийлсэн нь зүгээр болсон байсанд эгч эмч маань баярлаад, “Чи хэнээр эмчлүүлээд ийм болов оо?” гэж гайхаж байсан. Ес, арван сар гэхэд бие сайжирч, бүр эдгэсэн нь мэдэгдсэн. Одоо бол машин, мотоцикль жолоодоод, морь тэмээгээ унаад, мал хуйдаа давхиад зүв зүгээр явж байна. Миний элэгний хорт хавдар ганц жилийн дотор эдгэсэн” гэлээ.

Баатар эмчийн тодорхойлолтоор хорт хавдар гэж юу вэ? Түүний өгүүлсэн нь: “Нэгд эзнээс уравсан эсийн цугларалт гэж хэлж болно. Жишээлбэл элэгний хавдартай болно гэдэг нь юу вэ? Элэгний эс элгээ хамгаалах ёстой. Гэтэл манайхан элгээ хайрлаж хамгаалахгүй болохоор эс нь эзнээсээ урваж байгаа юм. Яагаад урвав гэхээр эзэн нь буруу хоолоод, хэт их идээд, архи ууж, тамхи татаад байвал элгээ гомдоож байгаа хэрэг. Тиймээс гомдсон элэгний эс эзнээсээ урваж байна гэж хэлж болно. Хоёрт, буруу гажигтай мэдээллийн бөөгнөрөл юм. Үүнийг юу гэж ойлгох вэ? Ойр дотны нэг нь хорт хавдраар нас барахад хүмүүс ийм өвчнөөр явдаг удамтай гэх мэт энэ өвчний тухай муу мэдээлэлтэй болдог. Тэгээд хожим эцэг эхээ дурсах, хорт хавдрын тухай ярилцах бүрт тэр бодол нь мэдээлэл болоод хуримтлагдаад байдаг. Гуравт, хавдар гэдэг өвчин хүний орон зайд бараг байж байдаг зүйл. Амин орон гэж биеийн гадуур байдаг цахилгаан орон, цэнэгт орон, гэрлийн орон зэргийг хэлдэг. Энэ амин оронд нөгөөх чинь олон жилийн өмнө бий болчихсон байдаг. Өөрөөр хэлбэл хийсвэр сэтгэлгээний өвчин юм даа. Дөрөвт, үйлийн үрийн орон гэж байдаг гэж бид үздэг. Хүнийг төрөхөөс нь өмнө хавдрын шалтгааныг элэнц хуланц нь бий болгосон байж болно. Хүнд хар буруу санадаг, атаа жөтөө нуудаг тийм араншин төлөвийг тэр орон зайд үлдээгээд явсан байдаг. Тэр л зан төлөвөөр нь үр хүүхэд нь хүмүүждэг. Тэр нь мөн чанартаа хавдрын урьдал нөхцөл, үйлийн үрийн орон болдог. Тиймээс энэ дөрвөн чиглэлээр хавдрын эмчилгээг явуулах хэрэгтэй” гэсэн. Энэ нь орчин үеийн боловсон анагаах ухаан гэдгийн үүднээс үзвэл их л хачин тодорхойлолт. Гэвч…

Булган аймгийн Могод сумын харъяат, одоо Эрдэнэт хотод сууж байгаа Сэрээтэрийн Урангийн өгүүлсэн нь: “2007 оны арваннэгдүгээр сараас доош цус алдаж эхлэсэн. Аяганы хэртэй хатуу юм мэдрэгдэж байсан. Улаанбаатар хотод ирж, Хавдар судлалын төвд ирж шинжлүүлэхэд “Савны хорт хавдар гуравдугаар шатандаа орсон байна” гэж оношлосон. Тэгээд шарлага, туяа, хими гээд хийлгээгүй эмчилгээ гэж байхгүй баахан явсан. Тэгтэл дахин ийм эмчилгээ хийх шаардлагагүй гэсэн. Тэгэхэд нь л 2008 оны зургадугаар сард “Одь” эмнэлэгт ирж Баатар эмчид үзүүлсэн дээ. Эмчийнхээ зааснаар хоол ундаа тааруулаад, эм тангаа тасралтгүй арван сар хүртээд 2009 оны дөрөвдүгээр сарын 6-нд Хавдар судлалын төвийн ЭХО-д харуулахад хавдар байхгүй болсон байна гэсэн.”  

Гэвч… Баатар оточ, түүний багийнхан чухамхүү тэр дөрвөн чиглэлийг бариад өвчтнөө эдгээгээд л байна. Европ зүгийн эмнэлгийнхэн энэ онолд итгэхгүй байж болно. Итгэсэн ч итгээгүй ч Баатар эмчлэгдэшгүй гэж цууд гарсан өвчнийг эмчилж чадаж байна, эдгээж чадаж байна. Энэ нь л гайхамшиг.

Дундговь аймгийн харъяат Хуягтын Өвгөнхүүгийн ярьсан нь: “2008 оны тавугаар сард ар цээжээр хатгуулж, хэвтэж ч болохгүй болсон. Тэгээд Хатанбаатарын эмнэлэгт хориннэг хоног хэвтэж эмчлүүлсэн боловч сайжралыг олоогүй. “Таны уушгинд явдал байна. Рентгенд харуул гэсэн. Тэгээд үзүүлсэн чинь уушигны хавдрын үсэрхийлэл бий болсон байна гэлээ. Тэгээд Хавдар судлалын төвд очиж, шинжилгээ хийлгэвэл “Уушиг үсэрхийлсэн нь элгэнд хавдар үүссэнээс болсон байна” гэсэн. VI, VII, VIII, V хэсэгтээ 5.2-4.5, 11.6-12.2 см хэмжээний хавдартай гэж оншилсондоо. Уушигны хавдрын эмч намайг мэс заслын эмчид үзүүл гэхэд нь үзүүлбэл “Уушиг, элэг хоёул хавдартай тул хагалгаа хийхгүй” гээд химийн эмчид үзүүл гэсэн. Химийн эмчид үзүүлэхэд “Танд химийн эмчилгээ хийхгүй. Та хятадын “Ганфулон” гэдэг эмийг гадуур гурван сар уугаад ирж үзүүл” гээд явуулсан. Аргаа барж байтал Дорноговийн Баатар гэдэг эмч эм тангаар олон хүнийг эдгээж байгааг дуулж, тэр оныхоо зургадугаар сарын дундуур очиж судсаа бариулаад зааж зөвлөснийх нь дагуу эм тангий нь ууж, хоол ундаа тохируулан эмчлүүлээд 1 жил 8 сар болж байна. 2009 оны арванхоёрдугаар сард Хавдар судлалд бүх төрлийн шинжилгээ хийлгэхэд хариу нь бүгд сайн гарсан” гэлээ.

Ийнхүү аймшигт өвчнөөсөө салсан, салж байгаа хүмүүс энд дурдсан хэдээр тогтохгүй, хэдэн зуу болжээ. Хорт хавдар гэдэг туслаа л бол хүнийг үхэлрүү нь хөтөлдөг аюултай, ердөө л эрлэгийн элч. Хүн нэг үхэхээс хоёр үхэхгүй гэж хичнээн зоригоо чангалдаг ч үхэхээс айхгүй хэн байлаа. Тэгвэл  монголынхоо нэгэн отчийн буянаар монголчууд хорт хавдар тусвал л үхнэ гэсэн айдас хүйдсээсээ ангижирч байна. Монголчуудын ерөөлөө гэж!

Амьд явахын нууц

Монголчуудын өмнө амьд явахын нэгэн нууц дэлгэгдэж байна. Энэ нь “Одь” эмнэлгийнхний дэвшүүлсэн “Дээд эрүүл мэнд” гэсэн онолын зарчим юм. Энэ төгс эрүүлжихүйн зарчим юм. Ингэхийн тулд яах ёстой юм бэ? 1.Биеийг нь эдгээх. 2.Ухааныг нь саруул болгох. 3.Сэтгэлийг нь ариусгах.4. Амин орныг нь гэрэлтэй болгох. 5. Хийн эргэлтийг нь тэгш, амгалан болгох. 6. Ухамсрыг нь тунгалаг болгох. 7. Сэтгэл+сэтгэл буюу сүнсний ухамсрыг нь бурханлаг болгох, 8. үүний тулд эмнэлэг, эмч ажиллах ийм л найман зарчим баримтлан ажиллаж байна. Уг долоон зүйлийг эрүүлжүүлж байгаа ухааныг төгс анагаах ухаан, үүний төлөө гэсэн эрүүл мэндийг дээд эрүүл мэнд гэж тэд нэрлэжээ. Тэгвэл энэ төгс эрүүлжихүй, дээд эрүүл мэнддээ яаж хүрэх юм бэ? Чухамхүү дээр дурдсан долоог ямар аргаар хэрхэн эрүүлжүүлэх юм бэ? гэсэн асуулт зүй ёсоор гарна. “Одь” эмнэлгийн танилцуулгад эмчилгээнийх нь аргыг дурдсныг сийрүүлбэл: мэдээлэл, инээмсэглэл, байгаль, амьсгал, залбирал, идээ, ундаа, явдал мөр, ухаан ухамсар, сэтгэл сэтгэхүй, тарни, мутар, мөргөл, төвлөрөл, илтгэл, бясалгал, бариа, зүү, засал, эм тан гэжээ. Молхи миний бие эдгээрийн дотроос бясалгал, тарни, мэдээллийнх нь тухай сонирхож, “Одь” эмнэлгийн зөвлөх Х.Цэрэндоржтой уулзаж, лавласан юм. Цэрэндорж багш ярихдаа: “Бясалгал гэхээр манайхан их төвөгтэй хаданд очиж, хүнээс тасарч байж хийдэг гэж ойлгодог. Даянчлан сууна гэдэг нь бурханлаг мөн чанарт нэгдэж, дээд гэгээрэлд хүрэхийн тул олон жилээр сууж хийдэг арга гэдэг нь үнэн. Бид нарны гэрлийн тусгалаар юмыг харж байгаа шиг хэт нарийн туяаны тусгалыг тусгаж аваад далд юмыг харах арга юм даа. Гэтэл хүмүүс агуйд бус ахуй дундаа бясалгал хийж байдаг юм. Бидний бодол санаа чинь нэг ёсондоо бясалгал юм. Үүнийг бид эргүүлж анагаах ухаанд оруулах ёстой” гэв. “Яаж?” гэж би асуулаа. Цэрэндорж багш цааш өгүүлсэн нь: “Элэгний хавдартай хүн байна гэхэд “миний элэг эрүүлжиж байна гэж бодох хэрэгтэй. Элгэндээ анхаарлаа төвлөрүүлээд, амьсгалахдаа дулаан, гэрэл, дуу тийш нэвтэрч байна, тэндээс тэр бүхэн маш бохир хий өвчнийг аваад гарч байна гэж бодох ёстой гэх мэт. Бид эмчлүүлж байгаа бүх хүнд бясалгал төвлөрлөөр эрүүлжих хөнгөвчилсөн аргыг зааж байна. Хүнд өвчтэй хүн удаан цагаар хийхэд хэцүү учир 15-30 минутаар 4-5 удаа хичээллүүлдэг. Хийж чадах эсэх нь өвчитнөөс өөрөөс нь шууд хамаарна. Үүнийг хийж чадвал эдгэх нь гайхалтай хурдан төдийгүй төгс болдог. Бясалгалыг гүнзгийрүүлж., бясалгалыг маань тарнитай хамт хийх хэрэгтэй. Манал бурханы тарнитай хамт хийх хэрэгтэй. Эрдэнэт гурван бурхан гэгддэг Авид, Аръяабал, Очирваань бурханы зүрхэн тарни нь “Ум аа хум” гэдэг гуравхан аялгуу байгаа юм. Энэ тарнийг уншихад энэ гурван авиаг дотоод сонсголонгоор сонсох, болж өгвөл нүдээр гэрлийг нь үзэх, чадвал хөдөлгөөнийг нь арьс, салст, ус, сарьсаараа мэдрэх хэрэгтэй юм. Элэгний өвчтэй хүн байлаа гэхэд тэр хүн энэ гурван авиаг элгэнд, элгэний эсэнд, эсийн гаднах салстад хүргэх ёстой” гэлээ. Баатар эмч хажуунаас нэмэхдээ: “Хүний амьд явах нууц нь бас тийнхүү өөрт нь байгаа юм шүү дээ” гэж хэлсэн.  “Та өөрийн яриад байгаа бурхадын зүрхэн тарнийнхаа тухай уншигчдад тайлбарлаад өгөхгүй юү?” гэж Цэрэндорж багшаас нь хүсвэл түүний хариулсан нь: “Зүрхэн тарни нь хүний хүрднүүдийг нээх арга юм. Хүрднүүдийг гадаад орчин буюу Ертөнцийн аугаа их хүчинд нэгтгэх тийм дуу авиа, тийм өнгө гэрэл, тийм хөдлөл хөдөлгөөн болно” гэсэн юм. Баатар хэлэхдээ: “Эм бол арга, тарни бол билиг юм. Тиймээс тарнийн анагаах ухаан бол арга билиг юм” гэсэн. Ухаа нь, усыг тарнидахад ус мэдээллийг авдаг. Японд Масури гэж эрдэмтэн тарни усанд яаж үйлчилдгийг судалжээ. Иймд “Одь” эмнэлгийнхэн “чухамхүү тарни усанд үйлчилдэг юм бол хүний биеийн 85 хувь нь ус болохоор хүний биенд ч үйлчлэх учиртай гэж гаргалгаа хийжээ. Иймээс биеийнхээ усанд зөв мэдээлэл өгөх ёстой аж. Ус эмийн хаан гэж ярилцдаг нь учиртай үг байжээ. Өөрийнхөө биеийн усанд зөв чиг өгч байх нь байна шүү. “Сэрэмжгүй яриа, сэрэмжгүй үйлийн үр нь буруу мэдээлэл юм. Энэ буруу мэдээлэл нь тодорхой орон зайд буюу сэтгэлд шингэж үлддэг. Сэтгэлд шингэсэн буруу мэдээлэл эд эсэд шингээд, улмаар өвчин болдог…” гэж Баатар хэлсэн. Ингэхлээр эрүүл байя гэвэл, амьд явъя гэвэл буруу мэдээллээс л ангид байх учиртай юм байна даа гэсэн бодол над бас төрсөн.

Ариун болор уулын цасыг

Амт төгөлдөр эмийн өвсийг

Амраг даганийн шимийн архийг

Амсаж зөвөөр хүртэж чадвал

Ариун ёсон түүнээс гарна гэж Равжаа хутагтын шүлэглэсэн нь өөрийн эрхгүй сэтгэлд орж байх юм. Тийм ээ, өвсийг эм болгодог, цасыг аршаан болгодог билиг ухаан бидэнд байсан, одоо ч байна биш үү.

     “Манай дээд багш нар “бие эрүүл байх нь зөв өө. Гэхдээ ухаан эрүүл байж гэмээ нь бие эрүүл байна шүү. Эрүүл ухаантай хүн ер өвдөхгүй шүү” гэдэг байсан. Монголын тэжээхүй ухааны сударт “Өвчин ганц шалтгаантай, тэр нь мунхаг” гэсэн байдаг. Их идээд өвдвөл мунхаг л байхгүй юү. Их архи уугаад өвдвөл тэр бас мунхаг. Бэлгэсийн замын өвчин, ДОХ чинь мунхагийн л өвчин шүү дээ. Тэгээд бид биеийг эрүүлжүүлбэл доод, ухааныг нь сэтгэлтэй нь эрүүлжүүлбэл дээд эрүүл мэнд болох юм байна гэж ойлгосон. “Сэтгэлийг анагаахгүйгээр биеийг эмчилж болохгүй” гэж Сократ нэг айлджээ. Ийнхүү олон үеийн багш нарынхаа айлдал сургаалыг хураангуйлаад онол болгоод хөтөлбөр гаргаад ажиллаж байгаа эдний сэдсэн сэдэл, санасан санаа Сократынхтай яг таарч байх юм. Мунхагийн тухайтад Баатар оточ хэлэхдээ: “Хангарьд шувуу хичнээн өндөрт ниссэн ч өөрийн сүүдрээсээ хагацаагүй цагт мунхаг хэвээрээ байна” гэж Одь багш маань айлдсан юм” гэв. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т мунхагаас үүссэн 404 өвчин байдаг. Эдгээрийн 101 эмээр эдгэнэ. 101 гүрэм номоор эдгэнэ. 101 нь заслаар эдгэнэ. 101 нь урьд төрөлдөө хийсэн өөрийн үйл лай байдаг” гэж заажээ. Баатар “Хань” сонинд өгсөн ярилцлагадаа: “Урьд төрөлдөө хийсэн өөрийн үйл лайгаа яаж нимгэлэх вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултад “Буяны сэтгэлийг үүсгэх, буянтай үйл хийж байгаа хүмүүсийг даган баясах, багшийн ачийг эрхэмлэн шүтэх, ном эрдмийг эрхэмлэн дээдлэх, үйлийн үрийг ухаарах, эцэг эхийн ая буяныг ямагт санах, нүглээ наманчлах, нинжин сэтгэлийг бий болгох, явдал мөр, идээ ундаа зөв байх, бие, хэл, сэтгэлээ ариун байлгах, дотоод гадаад ухамсраа цэвэр ариун байлгах, бусдын төлөө амьдарч ажиллах, хилэнцэт сэтгэлийг номхтгох, өршөөнгүй байх, энэрэнгүй байх, биеэ хайрлаж урт наслах, амар амагаланг бий болгох, зовлон жаргалыг таньж ухаарах…ёстой гэдгээ цаг ямагт санаж ухаарч явахад болно доо” гэсэн байсан. Тийм ээ, ингэж чадваас урьдын төрөлд хийсэн лай ланчигаа нимгэлээд зогсохгүй ер амьд явах, амьдрал тэгш байхын нууц нь болох юм байна гэж би мунхагласан. Баатартан ярихдаа: “Бидний энэ яриад байгаа зүйлд шинэ юм байхгүй ээ. Урьд Монголын уламжлалт анагаах ухаанд байж байгаад хатуу цагийн эрхээр орхигдож мартагдсныг л сэргээж байгаа юм. Багш нарынхаа захиж айлдсаныг л гаргаж ирж байгаа юм” гэж даруухан хэлж байсан. Ер нь Баатар өөрийгөө тувт доош хийж ярина, багш нараа дандаа дээдлэж ярина. Багш нарынхаа тухай чингэж ярихдаа бүр нь нүд нь сэргээд, бахдалтай инээж байгаад ярина. Гэвч энэ тухайтад үл өгүүлэн өгүүлэхэд “Одь” эмнэлгийнхэн “Монголын долоон үеийн оточ гэж, урьдын багш нар гэж хэн хэнийг хэлээд байна аа? гэж уншигч асууж мэднэ. Тэд аваас миний өгүүллийнхээ эхэнд дурдсан Жамъян-Яндаг, түүний шавь Сономринчен, түүний шавь Шаравдэмид, түүний шавь Дэндэвчойдог, түүний шавь Гэндэнжамц, түүний шавь Чойням, түүний шавь Дамчаа, түүний шавь Одь хэмээх Дорж болно. Ийнхүү Монгол анагаах ухааны энэ нэгэн уламжлал найман үе залгамжлагдаад, ес дөх үедээ Одийн шавь Баатар, түүний нөхдийн оюун ухаан, авъяас чадварын хүчээр үргэлжилж байна. Цаашдаа ч үл тасрах нь тодорхой. Монголчуудын ерөөл өө гэж! Нэг өгүүлбэр бичээд л ерөөл дурдахын учир юун? Юманд учир суманд гичир гэж буй. Олон өлзий учрал тохиосноос ганц нэгээс нь хэлэхэд Жамъян-Яндагийн өвгөн багш монголчуудаа гэсэн сэтгэлтэй байгаагүй бол, Жамъян Яндаг оточ амь дүйн байж, Монголынхоо гучингурван их говийн нэгэнд ирээгүй бол, өөрийн шавийг гаргаагүй бол гээд яривал зөндөө юм болно. Ухаа нь, Баатар штангад цохиулж бэртээгүй бол багшынхаа эрдмийг мэдрээгүй бол шавь барилдах байсан уу үгүй юү гэдэг нь бас тодорхойгүй. Иймээс л дэлхийн анагааж чадахгүй байгаа хорт хавдар хэмээх “мангаа”-г Монголд монгол хүү эдгээж, хавдрын айдаснаас монгол хүн салж байгааг л би ерөөл гээд байгаа юм аа. Тийм ээ, монголчууд ус уух ерөөлтэй юм. Гэхдээ анагаах ухаан гэдэг хүмүүн төрөлхтний тусын тулд бөлгөө. Иймээс монголчуудын ус уух `       хувийг дэлхийнхэн ч хуваалцах учиртай. Ерөөс энэ хорвоогийн бүх юм арга билгийн шүтэлцээнд оршдог. Энэ нь европын гүн ухаанаар бол эсрэг тэсрэгийн нэгдэл юм. Гэвч энэ талаархи Өрнө, Дорнын гүн ухаантнуудын үзэлд жаахан ялгаа бий. Өрнийн гүн ухаанчид юмс үзэгдлийг эсэргэцэж байдаг, бие биенээ үгүйсгэж байдаг гэж үздэг. Тэгвэл Дорно, түүний дотор Монголын гүн ухаантнууд юмс үзэгдэл шүтэн барилдсан байдаг, тэгээд эдгээр нь бие биеэ нөхдөг гэж үздэг. Чингэхлээр Монголын уламжлалт анагаах ухаан бол эм, тарни хоёрыг хослуулснаараа, бие сэтгэл хоёрт нь хандснаараа арга билгийн шүтэн барилдсан, өөрөөр хэлбэл мөнхийн мөнгөн утсаар холбогдсон анагаах ухаан юм аа.   

Учиг шингээхүй

Би Говь-Алтайруу утасдаж, Я.Бүрнээбаатартай онолдож өгөхгүй байтал харин ашгүй өөрөө утасдлаа. Тэр тав хагалгаа хийлгэсэн хүн юм. Гэвч өөрийхөө бичснийг e-mail-ээр ирүүлснийг  толилуулсу. “Миний бие ажлаа хийж яваад л нэг өдөр эмнэлгийн орон дээр хэвтэх боллоо. Хэвлтйн хөндийд байсан дөрөв гаруй кг хавдар авахууллаа. Тэгтэл өвчин дахилаа. Тийнхүү таван удаа мэс засал хийлгэлээ. Таван удаа мэс заслын орон дээр хэвтэж мэсээр зүсүүлсэн ч эдгэсэнгүй, авралгүй аюулт хавдар гээчийг туссаныг эмч нарынхаа харцнаас мэдсэн юм. Тэгээд юу эсийг бодох билээ. Ийм өвчин туссан хүний хань, үр хүүхэд, аав ээж, ах дүү найз нөхөд нь яаж шаналдаг, сэтгэлийн ямар зовлонд унадгийг биеэр мэдэрч, эд маань яанадаа гэсэн бодол цээжнээс гарахгүй зовоож байсаан.

2008 оны арванхоёрдугаар сард Хавдар судлалын төвд хяналтын шинжилгээ хийлгээд, эмчид үзүүлтэл “Та улс тунхагласны баярын өдрийг өнгөрөөгөөд эмнэлэгт хэвтэлгүй болохгүй нь. Хэвлийн хөндийд чинь дахин том хэмжээний хавдар байна” гэж эмчийг хэлэхэд сүүлийн үг нь хагас дутуу л сонсогдож байсан. Таван удаа хагалгаа хийлгээд гурван сар гаруйхан болж байхад дахин хагалгаа хийлгэ гэх. “Өмнө нь олон хагалгаа хийлгэсэн, наалдац ихтэй байгаа. Үр дүн нь ямар ч байж болно” гэсэн эмчийн үг толгойруу минь сүхээр байлгаад авах шиг л боллоо. Ингээд л Баатар гэдэг хүний эрэлд гарсан даа. Миний ус уух тавилан байсан, хань хэдэн хүүхдийн маань буян заяа түшсэн үү, энэ буянтан Орос, Европын орнуудаар явж байгаад дөнгөж ирээд байхад нь очиж уулзсандаа. Баатар отчийн буянаар одоо миний бие зүгээр болж, хэвлийн хөндийд байсан хэцүү нэртэй зүйл байхгүй болжээ” гэж бичсэн байлаа. 

Тийнхүү Баатар оточ судсыг онохын эрдэм, тангийн шидийг бүрдүүлэхийн чадал, тарнийн эрчим хүчийг ашиглахын идээр хорт хавдар туссан хөөрхий өвчитнийг хөл дээр нь босгож, гэр хотолд аз жаргал бэлгэлсээр явна. Тэртээ 1970-80-аад оны үе юмсан. Хорт хавдрыг эмчилсэн хүнд алтан хөшөө босгоно гэж Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагаас зарласан юм гэнэ билээ гэсэн яриа явдаг байсансан. Тэр үнэн аваас “Одь” эмнэлгийн ерөнхий эмч, мааранба Пунцагийн Баатар болон түүний багийнханд алтан хөшөө босгоосой.” Анагаах ухааны доктор Амбага Баатарыг эмчлэхээс өмнө өвчтөний өвчилсөн эрхтний  эсийн бүтэц ямар байсан, эмчилсний дараа ямар болж байгааг лабораторын хэмжээнд судалж байна. Удахгүй үр дүнг дэлхийд тавьж гаргана” гэж амалж байлаа. Тийнхүү Монголын уламжлалт анагаах ухаанд дэлхий Стивен Сигал шиг бишрэх цаг мөдхөн гэдэгт молхи бат итгэлтэй байна.